top of page

400 бүтээл, 3 хоног: Spikes Asia-д шүүгч хийсэн тэмдэглэл

Updated: Apr 18

Удахгүй 4-р сарын 24-нд Сингапурт Ази Номхон Далайн зар сурталчилгаа, бүтээлч сэтгэхүйн хамгийн том наадам болох Spikes Asia-гийн шагнал гардуулах ёслол болох гэж байгаа билээ. Ялагчид хэдийнээ тодорсон бөгөөд ялагчдыг тодруулах, шүүх хариуцлагатай, хэцүү боловч сонирхолтой ажлыг энэ жил гардан авч, Spikes Asia-гийн шүүгчээр Вьетнамд 3 хоног ажиллаад ирэв ээ. Яг юуг шүүчих вэ гэвэл Spikes Asia наадам бүтээлч ажил, сурталчилгааг нийтдээ 24 ангиллаар шүүн шагнал гардуулдгаас 3 ангиллыг нь шүүх 8 хүний бүрэлдэхүүнтэй багт сонгогдов. 3 ангилал нь уламжлалт гэж хэлж болох Аудио & Радио (Audio & Radio), Видео буюу Фильм (Film), ба Хэвлэл ба Паблишинг (Print & Publishing) байв. Анх удаа Монгол улсаа болон whyze агентлагаа Spikes-ын шүүгчийн бүрэлдэхүүнд төлөөлөх хариуцлагатай бөгөөд догдлуулмаар ажил байлаа. 

Шүүгчийн үүрэг зөвхөн эдгээр 3 өдөрт биш 2 сарын туршид явагдсан бөгөөд 1 сарын дундаас эхлээд онлайнаар шүүлт хийж эхлэн 400-500 орчим бүтээлч ажлыг шүүж, оноо өгөх процесс явагддаг юм байна. Зөвхөн гоё бүтээлч ажил үзээд, саналаа өгөх шиг хялбар биш бөгөөд тухайн ажил тус бүртэй дагалдаж ирсэн тайлбар текст, зорилго, үр дүнг нь уншиж танилцах, ажил бүрийн арын стратеги, хийгдсэн зах зээлийн онцлогийг ойлгох болдог. 2 сарын туршид 2 раунд шүүлт явсны эцэст эхний ноорог shortlist буюу богино жагсаалт гардаг бөгөөд үүнийг зөвхөн биеэр уулзан, Вьетнамд эцсийн шүүлт хийх хүртэл хуваалцсангүй. 2 сарын туршид бид хоорондоо онлайнаар танилцах уулзалтууд хийж, шүүлтийн процессын талаар тодруулах байдлаар ярилцсанаас бусдаар шүүж байгаа ажлуудаа шууд ярилцахыг хориглосон. 


За тэгээд шүүлтийн үйл явц яг ямар байсан, цаашид Spikes Asia болон бусад зар сурталчилгааны наадамд бүтээлээ сорихоор зэхэж буй хүмүүст сурснаасаа хуваалцъя.


Урт өдрүүд
Spikes Asia 2025 - Audio & Radio, Print & Publishing ба Film ангиллын шүүгчийн багийнхан
Spikes Asia 2025 - Audio & Radio, Print & Publishing ба Film ангиллын шүүгчийн багийнхан

3 сарын дундуур бид Вьетнамын Данан хотод, Шератон зочид буудалд цуглацгаав. Шератон Данан нь төвөөс зайдуу, хүн цөөтэй,тохилог резорт аж. Харин бид энд 3 өдрийг B1 давхрын харанхуй, цонхгүй өрөөнд, кофегоор эрч хүчээ сэлбэн ажиллаж өнгөрүүллээ. Шүүлтийн процесс өглөө 9-с орой 6 хүртэл гэсэн боловч бид эхний өдөр 7 хүртэл сууцгаав. Үлдсэн хоёр өдөр ч нэг иймэрхүү л өнгөрлөө. Shortlist буюу богино жагсаалтаа баталгаажуулах процесс явагдаад, түүний дараа шагналт буюу медальт байрнууд тодруулах хамгийн хэцүү үе эхэлнэ.  Өдрийн туршид эхлэх цаг, тарах цаг, завсарлага, цай, кофе, хоолны цагууд яг таг төлөвлөсөн, “та нар энд ажиллах гэж ирсэн шүү” гэдгийг найрсгаар боловч маш тодорхой ойлгуулсан зохион байгуулалттай байлаа. 3 өдрийг вакум орчинд эрчимтэй ажиллаж, хоорондоо мэтгэлцэж, ярилцаж, инээлдэж, маргалдаж өнгөрүүлсний эцэст шүүгчдийн баг хоорондоо сайн найзууд болж, маш их туршлага, мэдлэг солилцдог юм байна. 


Тэгш боломж

Шүүлтийн процесс маш ардчилсан, шударга бөгөөд ил тод байдлаар явагдсанаас гадна соёлын онцлогийг ойлгож хүндлэх, жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэх зэрэг дээр категори тус бүрийн шүүлт эхлэхээс өмнө заавал богино видеог дахин дахин сануулж үзүүлдэг дүрэмтэй.  Шүүгчдийн бүрэлдэхүүнийг ч мөн ОУ-ын агентлаг, бие даасан жижиг агентлагийн төлөөлөл, хүйсээр нь тэнцүү бүрэлдүүлсэн ба шүүгч болгон Ази Номхон Далайн өөр өөр орноос байсан нь: Монгол, Солонгос, Тайланд, Филиппин, Шинэ Зеланд, Энэтхэг, Малайз ба Сингапур байв.  Шүүгчийн багийн ерөнхийлөгчөөр Энэтхэгийн топ бүтээлч манлайлагч болох Ашиш Чакраварти (McCann Worldgroup) ажилласан ба бусад шүүгч нар ч ОУ-ын наадмуудаас олон шагнал хүртсэн салбарын туршлагатай шилдгүүд байлаа. 



Төв Азиас төлөөлөл шүүгчийн бүрэлдэхүүнд болон оролцож байгаа ажлууд дунд ч харьцангуй бага байсаар ирснийг залруулж, оролцоог нэмэгдүүлэхээр Spikes баг ажиллаж байгаа нь энэ жилийн миний оролцоо, Казакстаны шүүгчийн оролцооноос харагдана. Мөн энэ жил Монголоос Unitel-ийн Мартын 8-ны "Herstory" ажил, Go Mongolia-гийн брэндинг төсөл орсон талаар бусад ангиллын шүүгчидтэй танилцахад хэлж байв.  


Үг олдож, үхэр...

Хэдийгээр богино жагсаалт гэж нэрлэж байгаа ч тийм ч богинохон биш. 400 ажлаас шүүгдээд категори тус бүрд 20-40 ажил тунаж үлдсэн. Энэ жагсаалтад орсон ажил тус бүр томруулдаг шил доор орно. Товч бөгөөд маш тодорхой ажлууд илүү тодорч харагдаж эхэлнэ. Нуршсан тайлбарууд дундаас бид голыг нь олох гэж нилээд ярилцана, мэтгэлцэнэ. Би ч мөн өмнөх жилүүдэд Spikes-д ажил өгөхдөө аль болох дэлгэрэнгүй, деталь орхигдуулахгүй бичээд явуулахыг хичээдэг байлаа. Гэвч шүүгчид урт, дэлгэрэнгүй тайлбарыг бүтнээр уншихад хугацаа тун давчуу. Сайн бүтээлч санаа өөрөө ялгараад гараад ирдэг ч зарим тохиолдолд тухайн ажил хэрэгжсэн зах зээлийн соёлын онцлог, нөхцөл байдлын талаар мэдээллийг ойлгомжтойгоор өгөх нь тухайн ажлыг шүүхэд дөхөм болдог. Ийм л зорилгыг бодолдоо тээн, тайлбар дээрээ сайн ажиллах хэрэгтэй юм байна.


Case study видео ч мөн адил. Дараалж тоог нь алдсан 5-6 минутын видео, баримтат кинонууд үзсэний эцэст 1 минутын богино case study үзэх шиг сайхан юм байсангүй. Тиймээс товч, тодорхой бол хамгийн оновчтой шийдэл гэдэг энд ялангуяа үйлчилж байв. 


Категори, ангиллын стратеги

Ажил нь сайн боловч шүүлтэд өгөхдөө сонгосон ангилал, дэд ангиллаа буруу сонгосон ажлууд мэр сэр байлаа. Шүүгчид дур мэдэн тухайн ажлын ангиллыг өөрчлөх боломжгүй (хэдий тэгэх хүсэл байсан ч) учраас дээшлэх боломжтой ажлууд хасагдах, хойно үлдэх тохиолдлууд гарсан. Инновац гэсэн категорид хошин шогийг үр дүнтэй ашигласан сурталчилгаа орж ирэхээр хэдий гоё ажил ч инновацын шаардлагаа хангаагүй нь стратегич дутуу ажиллажээ гэж харагдуулна. 

Зарим ажлуудыг шүүлтэд өгөхдөө аль болох олон ангилалд өгөөд 10 буудахад нэг ононо гэдэг байдлаар ажилласан харагдсан. Өөрөөр хэлбэл мэргэн буудлагын уралдаанд автомат буугаар шүршээд орж ирсэн тохиолдлууд байв. 


Уламжлалт сувгууд хоцрогдоогүй

Хиймэл оюун ухаан, технологийн инноваци, сонирхолтой этгээд идэвхжүүлэлтийн жишээнүүд зөндөө байсан ч уламжлалт сурталчилгаагаа сайн хийсэн ажлууд тэр дундаас шууд ялгарч харагдаж байлаа. Нэг жишээ нь (шагнал гардуулах хүртэл ажлуудын байр эзэлсэн эсэхийг зарлах боломжгүй тул нэрийг орхив) Аудио ба Радио ангилалд аудио технологид инноваци хийсэн, шинэ технологи, дэд бүтэц хүртэл хөгжүүлсэн ажлууд нэлээдгүй байсан бол тэр дунд нь Радиогийн сайн бичвэр, зохиолтой, гүйцэтгэлээ сайн хийсэн энгийн сурталчилгаа мэр сэр байсан нь шүүгчдээс үнэлгээ сайн авч байлаа. Spikes Asia бол бүтээлч сэтгэхүй, санааг шалгаруулдаг наадам. Бүтээлч санааг дан ганц технологийн шийдлээр, (хэчнээн чадварлаг ч) өнгөц гялгар гүйцэтгэл төдийгөөр орлуулах боломжгүй гэдэг нь тодорхой харагдаж байлаа. 


Манай тал...

Spikes-д оролцох ажил хийхэд ямар их хөдөлмөр, цаг хугацаа ордог, харилцагчдаа санаагаа яаж зарж, тайлбарлаж, засварладаг, case study-гаа бэлдэхэд хүртэл ямар их ажил ордгийг өөрсдөө маш сайн мэдэх учир шүүгчид ажил тус бүрд нухацтай хандаж, аль болох бүх юмтай нь танилцлаа. Хэвлэлийн ангилалд хэвлэлийн инновацаар орсон ажлууд байсан боловч биет жишээ явуулаагүй нь хасах оноо болж орж ирэх тохиолдол байв. Гэхдээ энд шүүгчид бол оролцогчдын хөдөлмөрийг үнэлж, хүндэлж шүүж байсан ба өөр өөр соёл, орныг төлөөлсөн ажлууд сонирхолтойгоос гадна, бидний тэдгээр соёлыг ойлгох ойлголтыг тэлж өгч байсан нь олзуурхууштай. 


Numbers game

Cannes / Spikes-ын баг зохион байгуулалтыг маш чанд хийж, категори тус бүрд хэдэн ширхэг ямар медальт байр шалгаруулахыг тооцож мэдэгдэж байв. Энэ жилийн шүүлтээс харахад уламжлалт категорийн нэг болох Хэвлэл ба Паблишин-д цөөхөн ажил ирсэн нь тухайн ангиллын өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн гэж болно. Олон өрсөлдөгчтэй, олон ажил орж ирсэн ангилал илүү олон шагнал гардуулах боломжтой бол цөөхөн байх тусам шагналын тоо цөөрч, өрсөлдөөн нь илүү ширүүн болдог юм байна. Хэдий аль алиныг нь шалгаруулчихмаар байвч, шагналын тоог заагаад өгсөн ангилал дээр бид дурамжханаар аль нэгийг нь олонхын саналаар сонгож, нөгөөг нь орхих болж байв.


Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголын зар сурталчилгаа, бүтээлч сэтгэхүйн салбар санаа боловсруулалт, гүйцэтгэл болон амбицаараа гологдохгүй болсон нь энэ жилийн shortlist-д шалгарсан Unitel-ийн ажил гэрчилнэ. Мэдээж том зах зээлд том төсөвтэй ажлууд хийгддэг. Тайландад нэг ТВ-ийн рекламын найруулагчийн цалин нь л 100 мянган ам.доллар байхад, манайд бүтэн кампанит ажил түүнийх нь гуравны нэгт бараг хүрэхээргүй байдлаар хийгддэг билээ. Мэдээж сайн төсөв сайн гүйцэтгэлд нөлөөлнө.  Харин санаа, стратеги хоёр бол төсөвт баригдахгүй.


Эцэст нь, юу ярихаас илүү яаж ярих нь чухал гэдэг шиг case study-гаа сонирхолтой бөгөөд гүн сэтгэгдэл төрүүлэхүйцээр тайлбарлан, соёлын онцлог, зорилго, үр дүнгээ танилцуулах гэдэг бол бас тусдаа нэгэн ажил, нэгэн суралцах ур чадвар аж гэсэн дүгнэлтэд хүрлээ. 


Энэ жилийн Spikes Asia-гийн богино жагсаалтанд шалгарсан ажлуудыг нийтэд нь эндээс хараарай.


Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

Subscribe to get exclusive updates

adj logo.png

Adjournal Mongolia

Media/news company

🎉Creative community network and media channel. We cover trends, case studies, expert opinions, and events, fostering a vibrant community for industry growth and innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page