top of page
Writer's pictureKhandsuren Lkhamsuren

Spikes Asia 2025 - Ирээдүйг Бүтээх нь: Хиймэл оюун, бүтээлч сурталчилгаа болон Монгол Улс

Updated: Dec 10, 2024

Mongolian Marketing Association / The Advertising Journal x Spikes Asia

Энэ жил Ази Номхон далайн бүсийн бүтээлч чиг хандлагыг илэрхийлэх шинэ шагналын ангиллуудыг танилцуулна уу?


Spikes Asia 2025 - д “Соёл ба Агуулга” (Culture & Context) хэсэгт “Хошигнол” (Use of Humour)  ангилал нэмсэн. Энэхүү ангилал нь брэндийн харилцаанд хошин урлагийн ач холбогдлыг тэмдэглэх зорилготой. Энэ ангилал нь хэд хэдэн төрлийн шагналд хамрагдах бөгөөд хошин шогийг оновчтой, бүтээлч байдлаар ашигласан бүтээлүүдийг үнэлж, урамшуулах юм. Өөрөөр хэлбэл, брэндүүд хошин шогийг хэрхэн амжилттай ашиглаж буй талаар дүгнэх шинэ боломжийг бий болгож байна. Учир нь 2024 оны эхээр болсон Cannes Lions наадамд ижил төстэй бүтээлүүд амжилттай оролцсон төдийгүй салбарын оролцогчдоос ийм төрлийн бүтээлийг үнэлэх орон зай шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийг идэвхжүүлэхэд хошин шогийн элментүүдийг чадварлаг ашигласан ажлуудыг үнэлж, тэдгээрийг өргөмжлөн дэмжих зорилготой гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд шагнал хүртэж буй бүтээлүүдийн өнгө аяс өөрчлөгдөж, илүү зоригтой, хэвшмэл ойлголтыг эвдсэн, хөгжилтэй бүтээлүүд давамгайлах болсон. Тиймээс Ази, Номхон далайн бүс (APAC)-д ийм төрлийн бүтээлүүд өрсөлдөх боломж олгоход тохиромжтой цаг үе болж байгаа юм.


Innovation Spike буюу Шинэ Санаачлагын Спайк нь цахиур хагалсан инновацийн нээлт, технологи болон шийдлүүдийг алдаршуулдаг шагнал юм. Энэ шагнал нь илүү өргөн цар хүрээг хамрахын тулд хүрээлэн буй орчин, нийгэм, санхүүгийн инноваци гэсэн дэд ангиллуудтай болсон.


Аудио бүтээлүүд өргөжин тэлж буйтай холбогдуулан Аудио ба Радио Спайк (Audio & Radio Spike) нэрийг бага зэрэг өөрчилсөн. Техник, технологи хурдацтай дэвшиж буй энэ үед бид аудио контентыг зөвхөн радио гэлтгүй олон төрлийн платформоор дамжуулан түгээх боломжтой болсон. Иймээс дуут сурталчилгааны нөлөө нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч, "Радио ба Аудио" нэршлийг "Аудио ба Радио" болгосон.


PR Spike буюу олон нийттэй харилцах ажилд зориулсан шагнал нь стратегийн болон бүтээлч харилцааны ур чадварыг алдаршуулдаг. Excellence: PR Craft (PR ур чадварын шилдэг бүтээл) ангиллын бүтээлүүдийг тухайн чиглэлийн PR-д хэрхэн гайхалтай, бүтээлч туршлага ашигласан байдлаар нь шүүдэг. Энэхүү ангиллыг PR, олон нийттэй харилцах харилцааны мэргэжилтнүүдийн хийж буй ажлын өргөн цар хүрээг хүлээн зөвшөөрч, PR агентлагуудын ур чадварыг үнэлж, алдаршуулах зорилгоор нэмж өгсөн. Мөн брэнд болон кампанит ажлын мессэжийг түгээхээс гадна, хүмүүсийн ойлголт, хандлагыг удирдах, брэндийг соёлтой холбоход PR агентлагуудын гүйцэтгэж буй чухал үүргийг тусгахын тулд нэвтрүүлсэн.


Брэндийн мессэжийг тодорхойлж, олон нийтэд түгээхэд контент бүтээгчид улам илүү нөлөөлөх болсонтой холбогдуулан Social & Influencer Spike (Сошиал болон Нөлөөлөгчдийн Спайк) шагналын ангиллуудыг нэмсэн. Энэхүү сонирхол татам салбар асар хурдан тэлж байна. Иймээс орчин үеийн харилцаа холбоо, брэндингийн өөрчлөлт, хөгжлийг тусгах зорилготойгоор дээрх ангиллуудыг шинээр оруулж өгсөн.


Энэ жилийн шагналт бүтээлүүдээс үзэхэд ямар онцгой сэдэв, чиг хандлагууд ажиглагдсан бэ? Тэдгээр нь салбар болон бүс нутгийн соёлын онцлогийг хэрхэн илэрхийлсэн вэ?

2024 онд олон шагналууд нэмэгдсэн. Энэ нь Ази, Номхон далайн бүсэд явагдаж буй өөрчлөлт, чиг хандлагын талаар өргөн хүрээний ойлголт өгсөн. Үүний нэг гайхалтай жишээ нь Creative Effectiveness (Бүтээлч Нөлөөлөл) шагнал юм. Уг шагналыг 2012 онд нэвтрүүлсэн бөгөөд 2024 он гэхэд ирүүлсэн бүтээлийн тоо 59%-р өссөн байна. Энэ нь манай бүс нутгийн бүтээлч салбарыг үр дүнтэй, тасралтгүй хөгжлийг илэрхийлж байна.


Ази, Номхон далайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй брэндүүд хэрэглэгчдийг татахын тулд мартагдашгүй дурсамжуудыг бүтээхэд илүү их анхаарал хандуулж байгаа нь Brand Experience & Activation Spike (Брэндийн Туршлага ба Идэвхжүүлэлт) шагналд илүү олон бүтээлүүд ирдэг болсноос тодорхой харж болно. Creative Commerce (Бүтээлч Худалдаа) шагналд бас илүү олон бүтээл ирсэн бөгөөд бүс нутгийн цахим худалдааны асар хурдацтай өсөлтөд нөлөөлөх шинэлэг санаануудыг тусгасан байсан. Ази, Номхон далайн бүс нутаг нь киногоор дамжуулан сэтгэл хөдөлгөм түүхүүдийг бүтээх тал дээр дэлхийд тэргүүлэгч хүчирхэг бүс нутаг хэвээр байгаа. Учир нь манай бүс нутгийн оролцогчид Spikes Asia төдийгүй Cannes Lions - с олон шагнал хүртсэнээс харж болно.


Шагналт бүтээлүүд AI буюу хиймэл оюун ашиглах хандлага түгээмэл болж байгаа нь бүтээлч үйл ажиллагаандаа AI ашиглаж буй компаниудын тоо нэмэгдэж байгааг илтгэж байна. Spikes-ийн ялагчид Азийн хамгийн тулгамдсан асуудлуудыг, тухайлбал тогтвортой байдал болон хүйсийн ялгаварлалын талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлж, оюун санааны өөрчлөлт хийж байна. Өөр нэгэн онцлох хандлага гэвэл брэндүүд хэрэглэгчидтэйгээ соёлоор дамжуулан холбогдох шаардлагатай болоод байгаа явдал юм. Шагналт бүтээлүүдээс харахад брэндүүд соёл, платформуудын ялгаа, мийм (meme) зэргийн нюансыг ойлгох замаар хэрэглэгчидтэй холбогдох хамгийн шилдэг арга замыг олж байна. 2024 онд хошигнол дахин сэргэж, Spikes-ийн ялагчид хөнгөн наргиа, егөөдөл, сарказмаар шинэ хэрэглэгчдийг татаж, ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжтойг харуулсан. Эцэст нь immersive entertainment буюу тоглоомжуулалт, технологи, урлаг зэргийг ашиглан хэрэглэгчдийг брэндтэй холбон идэвхжүүлэх шинэ арга барилууд бий болж байна.

Ази тив олон төрлийн соёлуудаас бүрддэг. Ийм нөхцөлд соёлын онцлогийг тусгаж, тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд шүүлтийн үйл явцыг хэрхэн сайжруулдаг вэ?


Spikes Asia нь баялаг соёл, өвөрмөц онцлог, инновациар баян Ази тивийн бүтээлч сэтгэлгээг алдаршуулахын төлөө ажилладаг. Бидний эрхэм зорилго бол тэнцвэртэй бөгөөд өргөн хүрээг хамарсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэх явдал юм. Үүний тулд бид шүүгчид нэр дэвшигч тус бүрийг бүтээлч чадваруудад суурилсан тодорхой шалгууруудыг хангахыг шаарддаг. 2024 онд анх удаа Төв Азийн төлөөлөл болох Казакстан болон Узьбекстан улсын төлөөлөл шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан. Өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн "Соёлын Орчны" асуултыг 2025 оноос заавал бөглөх шаардлагатай болгосон. Ингэснээр шүүгчид бүтээл тус бүрийн ард буй соёлын нюансыг ойлгож, илүү нухацтай, бодлоготой шийдвэр гаргах боломжтой болсон.


Энэ жилийн бүтээлүүдээс соёлын олон талт байдлыг тусгасан бүтээлч онцлог бүхий жишээнүүдээс танилцуулаач. Мөн тэдгээр нь Ази, Номхон далайн өвөрмөц өгүүлэмжийг хэрхэн харуулсан байсан бэ?


2024 оны Spikes Asia-д ирүүлсэн бүтээлүүд соёл онцлогийг гайхалтай бүтээлч байдлаар тусгасан байсан. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн эрч хүчтэй, олон талт байдлыг агуулснаараа онцлогтой. Брэндүүд болон контент бүтээгчид хил хязгаарыг тэлж, соёлын онцлогийг дэлхийн чиг хандлагтай холбон өөрийн улс оронд төдийгүй олон улсын хэрэглэгчдэд хүрэхүйц бүтээл хийж байна.


Брэндүүд AI-г дижитал болон холимог кампанит ажлууддаа хэрхэн ашиглаж байгаа вэ, өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар чухал өөрчлөлтүүд ажиглагдсан бэ?


AI-ийг бүтээлч ажилдаа ашиглаж буй компаниудын тоо улам нэмэгдэж байна. Spikes Asia-д ирүүлсэн AI-тэй холбоотой бүтээлүүд 2023 онд 331 байснаас 2024 онд 672 болж, 103%-иар буюу 2 дахин өссөн. Брэндүүд AI-г ашиглан олон нийтийн оролцоо, эрүүл мэнд, түүхэн алдааг засах зэрэг чухал асуудлуудын хүрээнд шинэлэг бөгөөд өвөрмөц шийдлүүдийг дэвшүүлсээр байна. AI нь эрүүл мэнд, сайн сайхан байдлын санаачилгуудад голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд брэндүүд зөвхөн алгоритм, код дээр найдахаас илүү бүтээлч ур чадварыг чухалчилж байна.


Spikes Asia-д оролцох хүсэлтэй Монголын бүтээлч залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ? Амжилтанд хүрэхэд ямар ур чадваруудыг хөгжүүлэх нь чухал вэ?


Монгол улс бол өсөн тэлж буй бүтээлч салбар бүхий өвөрмөц, эрч хүчтэй улс юм. Бүтээлч залуус шинэ санаа, үнэт зүйлс, бүтээлч сэтгэлгээг авчирдаг бөгөөд манай салбарын ирээдүй юм. Сониуч байж, шинэ санаа хайж, бусад салбаруудаас суралцаж, инновацид нээлттэй байх нь чухал. Дижитал платформууд, олон улсын кэйс эсвэл дотоодын чиг хандлага зэрэг бүхий л зүйлсээс суралцах тусам, сэтгэлгээний хил хязгаарыг тэлж, шинэ санаа төрж байдаг. Spikes Asia нь тухайн улс орны соёлыг утга төгөлдөр илэрхийлсэн бүтээлч байдлыг өндөр үнэлдэг. Монгол улс бол баялаг түүх, уламжлал, өв соёлтой бөгөөд эдгээрээс санаа авах хэрэгтэй. Өөрийнхөөрөө байж, өвөрмөц түүхийг өгүүлэх замаар дэлхийд ялгарах боломжтой.

 

Манай бүс нутгийн брэндүүд тогтвортой байдал ба нийгмийн хариуцлагыг бүтээлч ажилдаа хэрхэн тусгаж байна вэ?


Азийн брэндүүдийн хувьд тогтвортой байдал ба нийгмийн хариуцлага чухал ач холбогдолтой бөгөөд олон бүтээлч кампанит ажил эдгээр үнэт зүйлсийг илэрхийлэх болсон. 2024 оны Spikes-н ялагчид хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх бүтээлч арга барилуудыг харуулсан нь бүтээлч салбар тогтвортой байдал, тогтсон хандлага зэрэг бүс нутгийн хувьд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөөл үзүүлж байгааг баталж байна. Ази тивийн брэндүүд тогтвортой байдлын сурталчлах түвшнээс даван гарч зан төлвийн өөрчлөлт үүсгэхэд анхаарах болсныг Инновацийн Дээд Шагнал (Innovation Grand Prix) хүртсэн "Shellmet" төслөөс харж болно. Хясааны бүрхүүлээс дуулга хийх замаар хуванцарыг орлох илүү бат бөх материал бүтээсэн нь бусад улсуудад нэвтэрч эхлээд байна. Энэ төсөл Дизайны ангилалд алт, PR ангилалд мөнгөн цом хүртсэн.


Хүйсийн ялгаварлалыг бууруулж, өөрчлөлт авчрах зорилготой олон кампанит ажлууд зан төлвийг өөрчлөхөд чиглэж байна. Мумбайд байрлах BBDO India-н хийсэн угаалгын нунтагийн Ariel брэндийн "Ижил тэгш #АчааллааХуваалцъя" (See Equal #ShareTheLoad) кампанит ажил нь Бүтээлч Нөлөөлөл (Creative Effectiveness) ангилалд хүрээнд Хүрэл цом хүртсэн. Энэ кампанит ажил нь 2015 оноос хойш амжилттай үргэлжилж байгаа бөгөөд, борлуулалт 29%-иар өссөн төдийгүй өөрчлөлтийг авчирсаар байна. Кампанит ажил эхлэх үед Энэтхэг эрчүүдийн 79% нь угаалга хийх нь эмэгтэй хүний ажил гэж үздэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 26%-д хүрч буурсан. Мөн BBDO India-н хийсэн Ariel брэндийн "Чимээгүй Тусгаарлалтын Шинж Тэмдгүүдийг Анзаар" (See The Signs of Silent Separation) кампанит ажил нь Бүтээлч Стратеги (Creative Strategy) ангилалд Алт болон Хүрэл цом хүртсэн. Энэ кампанит ажил нь хосуудыг гэрийн ажлаа хамтдаа хийж байхыг уриалсан.

 

Spikes Asia нь Монголтой төстэй жижиг орнуудыг дэлхийн зар сурталчилгааны тавцанд байр сууриа тэлэх тал дээр хэрхэн дэмждэг вэ?


Бид бүхий шагналын ангиллуудын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэнцвэртэй бөгөөд өргөн цар хүрээтэй төлөөллөөр бүрдүүлж, амьдралын баялаг туршлага, үзэл бодлыг тусгаж өгөхийг чухалчилдаг. Монголд зочлоогүй, Монгол хүнтэй таарч байгаагүй шүүгчдэд мэдээлэл өгөх зорилгоор соёлын орчин гэдэг нэмэлт асуулга оруулж өгөх замаар тухайн бүтээлийн ач холбогдол, мөн чанарыг сайтар ойлгох боломжийг бүрдүүлсэн. Энэ нь шилдэг бүтээлүүдэд тусгалаа өгч байна. Энэ жилийн Cannes Lions наадамд Казахстан болон Исланд улсууд анхны Арслангуудаа авсан нь дэлхийн өнцөг булан бүрээс бүтээл шалгарч буйг харуулж байгаа юм.


Cannes Lions нь Тэгш Байдал, Төлөөлөл, Хүртээмжийн (ERA) Урилга олгох зэргээр фестивальд оролцох санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2025 онд "Улс Орнуудын Асар" гэсэн шинэ хэсгийг нэвтрүүлэх замаар Cannes Lions олон улсын төлөөллийг илүүтэй нэвтрүүлэх боломж бүрдүүлээд байна. Энэхүү олон улсын үзэсгэлэн нь өөрсдийн орны бүтээлч байдлыг дэлхийн тавцанд таниулах, бүтээлч эдийн засгаа сурталчлах, суралцах, бусад улс орнуудтай нетворкинг хийх боломж олгоно. Мөн асар тус бүрт контентын тайз байх бөгөөд үүгээр дамжуулан жинхэнэ олон улсын контент болон харах өнцгүүдтэй танилцах боломжтой.

 

Comentarios


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page