BRI Oyunsaikhan, Digital Marketing Specialist, 24 Hour Marketing Plan
Өөрийнхөө талаар танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Би Дорноговь аймагт төрж өссөн бөгөөд тариаланч айлын 2 дахь охин болж мэндэлсэн. Эгчийгээ дагаж явсаар их олон зүйлд үеийн хүүхдүүдээсээ түрүүлж хөл тавьсан нь намайг шинэ зүйл турших айдасгүй, дайчин хүн болоход нөлөөлсөн гэж боддог.
Яагаад маркетингийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ?
МУИС-н Бизнесийн сургуулийг Маркетингийн ангийг төгсөөд маркетингаар ажиллаж эхэлсэн. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцдог байсан бөгөөд хэн нэгнээр, ямар нэгэн дүрэмд захирагдахгүйгээр асуудал шийдэх боломж олгодог байсан тул өдийг хүртэл мэргэжилдээ дурлан судалсаар явна.
Дижитал маркетингийн чиглэлээр ажиллах болсон шалтгаанаа хуваалцана уу?
Тоо худлаа ярьдаггүй учраас, үр дүнг тодорхой хэмжээнд хэмжих боломжтой бөгөөд сайжруулалт хийж болдог тул Дижитал маркетингт дуртай болсон. Шинэ технологиудын тусламжтайгаар хэрэглэгчийн брэндтэй харилцах гол үе шат бүрийг (touchpoint) хадгалах боломжтой болсон. Энэ нь стратегийн шийдвэр гаргахад, цаашлаад мэдээлэлд тулгуурлан шийдвэр (informed decision) гаргахад тусалдаг.
Хамгийн бахархалтай зүйлс нь юу вэ?
Анх Монголд гар утасны тоглоом хөгжүүлэгч Black Candy Studio дээр очоод Азийн хямд сурталчилгаа явуулж болох улсуудад тоглоомын “in-app ad” буюу аппликэйшнээр дамжуулан сурталчилгаа явуулж эхэлж байсан. Анх шууд үнэ хаялцан сурталчилгааны орон зай худалдаж авах үйл явцыг (RTB) ойлгох гэж бараг бүтэн сар зарцуулсан, одоо унших тусам ойлгоц дээшилж өдөр бүр шинэ зүйл сурсаар явна.
Одоогоор ямар чиглэлээр ажиллаж байна. Ямар ур чадварууд чухал шаардлагатай байгаа вэ?
Би одоогоор Google ad, Meta ads, Linkedin ads дээр түлхүү ажиллаж буй бөгөөд эдгээр платформуудын хувиргалт үүсгэх (сonversion tracking) холболтуудыг хийж байна. Дижитал маркетингийн менежер нь зөвхөн хэрэгслүүдийг ашиглаж сурахаас гадна хэрэглэгчийн зан төлвийг ойлгодог байх нь чухал. Маркетинг талаасаа хоногшуулалт, идэвхижүүлэлтийг төлөвлөхөөс гадна технологи сайн ашигладаг, аливаа зүйлсийг хурдан сурдаг (tech savy, fast learner) байх хэрэгтэй болдог.
Бахархал болон тулгамддаг бэрхшээлүүдээс хуваалцвал?
Өрсөлдөөнтэй зах зээлд хэрэглэгчдэд өөрсдийгөө байнга сануулж байх нь чухал бөгөөд нөгөө талаас хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх замаар бүх талд ашигтай ажиллаж байгаагаараа бахархмаар санагддаг. Нөгөө талаас тогтмол суралцаж байх үүрэгтэй тул заримдаа ядрах үе мэдээж байна.
Өөрийн хобби болон одоогоор ажиллаж байгаа төслүүдийн талаар танилцуулбал?
Миний хобби бол бизнес л юм даа. Ээжийгээ бизнес хийхийг харж өссөн болохоор бизнес хамгийн ойр санагддаг салбаруудын нэг. Хамтран байр түрээсэлдэг хүмүүст зориулсан төслийг санаачлан хэрэгжүүлээд хөрөнгө оруулагчдад хүлээлгэн өгсөн бол одоо боловсруулсан хүнсний Zeeg I Зээг брэндийг хөгжүүлээд явж байна.
Үнэт зүйлс, баримталдаг зарчмаасаа хуваалцана уу?
Сурах хэцүү биш, мэдэхгүй байх л хэцүү гэж боддог тул дандаа өөрийгөө баталгаат мэдээллээр цэнэглэж байхыг эрхэмлэдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ л гэж боддог доо.
Хэтийн зорилго нь юу вэ? Хамгийн холын зорилго бол Эх орондоо технологийн хөндий байгуулах, ашигт малтмалаас өөр гадаад орлоготой болоход нь хувь нэмэр оруулах юмсан гэж боддог.
Ойрын ирээдүйн төлөвлөгөө нь юу вэ?
Data science-р Мелбурны их сургуульд мастер хамгаалж хэрэглэгчийн сегментчилэлийг сайжруулах, цаашлаад өөрчлөх технологийн стартап буюу гарааны компани байгуулна гэж бодном.
Дижитал маркетинг, дата салбарт ажиллах хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Мэдээллийг тоймлох, түргэн суралцах ур чадварууд ойррын ирээдүйд хэрэгтэй болох байх гэж боддог. Мэдээлэл, сургалт бараг л үнэгүй байгаа тул цагаа зарцуулж, өөрөө суралцаж сураарай гэж хэлмээр байна.
Амжилтанд хүрэх гол нууц юу вэ?
Амжилт бол аз биш шаргуу хөдөлмөр тул эрмэлзэлтэй бол цагаа зарцуулах нь л их чухалдаа.
Comments