Дэлхийн 160 гаруй оронд тэмдэглэдэг, жилийн хамгийн гайхалтай өдрүүдийн нэгд зул сарын баяр зүй ёсоор багтана. Энэ баярыг монголчууд тэмдэглэж болно, болохгүй хэмээн маргалдсаар ирсэн ч 12 сарын 31-ний өдрийг зул сараас нэг их ялгаагүй өнгө төрх, ёс заншилтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Мөнх ногоон сүлд мод, ил галын дээр өлгөсөн оймс, Санта Клаус, улаан хамарт Рудольф гээд 12 дугаар сарыг бүхэлд нь илэрхийлэх бэлгэ тэмдэг тоймгүй их. Цаг хугацаа, сошиал орчны нөлөөгөөр жил ирэх тусам тэдгээр бэлгэ тэмдгүүд нэмэгдэж байна. Жишээ нь сүүлийн жилүүдэд бид ямар ч гоо сайхны брэндийг зул сарын баярт зориулж гаргасан “Advent Calendar”-гүйгээр төсөөлж чадахааргүй болтол томоос жижиг хүртэл хамаг л брэндүүд ганган чамин хайрцагтай багцууд гаргалаа.
Баярын кампанит ажлаа амжилттай өрнүүлсний хүчинд улс орны хэмжээнд хэрэглэгчийн зан төлөвийг өөрчилж чадсан жишээ ч бий. Яг л Японд зул сарын үдшийн зоогийг KFC-гүйгээр төсөөлөхөө больсон шиг. Маргаангүй, цаг үеэ ойлгож, зөв бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгон, мэдрэмжтэй кампанит ажил өрнүүлж чадсан брэндүүд жилийн борлуулалтынхаа талаас илүү хувийг дан ганц 12 дугаар сард олж чаддаг. Гэхдээ яагаад?
19-р зууны үеэс хүн төрөлхтөн Христийн мэндэлсэн өдрийг урьд өмнөхөөсөө өргөн дэлгэр тэмдэглэх болж, бараа бүтээгдэхүүнийг массаар нь үйлдвэрлэн, баяр ёслолын сэдэвт зар сурталчилгаагаа эрчимжүүлж эхэлсэн нь өдгөө 21-р зуунд улам ч хүчээ авч байна. Өмнө нь зөвхөн хайртай дотнын хүмүүстээ бэлэг барьж, баярын халуун зоогийг гэр бүлийн хүрээнд хүртэж тэмдэглэдэг байсан нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буйг бид гэрчилсээр.
Айл өрхүүд зул сарын баярын чимэглэлээрээ өөр хоорондоо өрсөлдөж, бизнесийн байгууллагууд харилцагчийн бэлгээрээ чанар чансаагаа тодорхойлуулдаг цаг үед бид амьдарч байна. Ийм нөхцөл бүрдэх болсон голлох шалтгаануудыг хэд хэдэн нийтлэлээс багцалж тоймлосноо дор сийрүүлье:
Бэлэг өгөх-авах хүлээлт: Баяр ёслолын үеэр нагац эгчдээ бэлэг өгөхгүй бол гомдоно доо, монитадаа өгсөн бэлэг маань таалагдахгүй бол яах вэ зэрэг нийгмийн дарамтаас үүдэлтэй бодлууд нь биднийг их хэмжээний худалдан авалт хийхэд хүргэдэг. Танай байгууллага ч бас харилцагч нартаа өгдөг бэлгээ жил ирэх тусам томруулаад байгаа биз дээ?
Хуучнаа дурсан санагалзах мэдрэмж: Зул сар, шинэ жил нь гэр бүлийн баяр учраас дийлэнх хүмүүсийн хувьд хуучны, бага насны дурсамж нь сэдэрч догдолдог. Ээж минь ийм хоол хийдэг байсан учраас, манайх гэрээ ийм гэрлээр чимэглэж, бугатай хөнжил нөмөрдөг байсан учраас гэх мэт дурсамжид хөглөгдөж хэрэгцээгүй худалдан авалт их хийдэг шүү дээ.
Баяр хөөр: Баяр наадмын уур амьсгал нь бидэнд эерэг, өөдрөг мэдрэмж төрүүлдэг учраас аливаа шийдвэр гаргалтын сөрөг талуудыг нэг их бодолгүйгээр баруун-солгойгүй мөнгөө үрэх нь бий.
Яарах мэдрэмж: Баяр болохоос өмнө, эсвэл зочид ирэхээс урьтаж гэх мэт цаг хугацаанд баригдан яарч хийсэн худалдан авалтууд өчнөөн бий. Брэндүүд богино хугацааны хямдралтай худалдаа, цөөн тооны бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог нь хүнийг яаруулж "Олдсон дээр нь гялс авчихъя” гэх бодлыг улам өдөөдөг.
Трэнд: Зул сарын кампанит ажлаар дамжуулан тухайлсан нэг бүтээгдэхүүнийг олны дунд хамгийн хүсэмжит бэлэг-чимэглэл-хүнс-гоёл болгож харагдуулсаар байна. Яг л Tik Tok дээр бүх охид DIOR-ийн Advent Calendar-ийг аваад, эрчүүд бүгд найз охиндоо шинэ iPhone бэлэглээд, айлууд бүгд л гацуурынхаа хажууд цөмөөхэй тавьж чимэглээд байгаа шиг.
Баярын урамшуулал цалин, бонус: Жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшуулал, бонус цалин зэрэг нь биднийг баярын зоог, бэлэг сэлтээ зэхэхэд ихээхэн нэмэр болдог. Бараг л зүгээр ороод ирчихсэн мөнгө юм шиг хурдхан шиг үрж байж санаа амардаг.
Дээрх шалтгаануудаас үүдэж бид 12 дугаар сарын турш их хэмжээний худалдан авалт хийж, мөнгөний их эргэлт үүсгэх нь улс орны төдийгүй, дэлхий дахины эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын шимтгэл, ажиллах хүчний эрэлт бүгд нэгэн жигд өсөлт үзүүлэхээс гадна аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарууд ч үр ашигтай ажилладаг.
Гэвч тэр их огцом өсөлтийг бид үнэхээр “Эдийн засгийн өсөлт” гэж нэрлэж болох уу? Баярын үеийн хэтийдсэн их хэрэглээ, үргүй зардлууд бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Түр зуурын сэтгэлийн хөөрөл, мэдрэмж дээр тулгуурлаж гаргасан бодлогогүй зардлууд нь дараа дараагийн сарууддаа санхүүгийн дарамт болж хувирдаг нь зөвхөн Монголд ч бус дэлхий дахинд тохиодог үзэгдэл. Хүмүүс баярын үеийн худалдан авалтынхаа тал хувийг зээлийн картаар эсвэл хэн нэгнээс мөнгө зээлж хийдэг учраас өрийн дарамт нэмэгддэг. Энэ үеэр хийгдсэн үйлдвэрлэл болон худалдан авалтын хог хаягдал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй олон хүчин чармайлтыг бусниулж орхидог байна. /Их Британид зул сарын дараа нэг өрх дунджаар 3.5 уут дүүрэн бэлгийн баглаа боодол гаргаж хаядаг гэсэн судалгаа бий. Зул сарын бэлгийн баглаа нь их хэмжээний саа, гоёлын бүрэлт ашигладаг учраас тэр бүр дахин боловсруулах боломжгүй/
Түүгээр үл барам хэт их хямдрал урамшуулал, сурталчилгаагаар бөмбөгдсөн томоохон компаниудын эсрэг өрсөлдөх чадваргүй олон жижиг болон бичил бизнесүүдийн үйл ажиллагаа доройтдог гэх зэргээр эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь эергээсээ дутахгүй олон.
Зарим эдийн засагчид зул сарын баярын үеэрх бэлэг сэлтийн худалдан авалт нь эдийн засагт харин ч сөрөг нөлөө үзүүлж байдаг тухай бичих болсон. Жишээ нь эдийн засагч Жоэль Валдфогел “Зул сарын баярын Нийгмийн Алдагдал” нийтлэлдээ дээрх асуудлыг авч үзсэн нь сонирхол татав. Бэлэг өгч буй хүний зарцуулсан үнийн дүн нь түүнийг авч буй хүний сэтгэл ханамжаас хэтэрсэн байх үед “Нийгмийн алдагдал” үүсдэг нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн тэмдэглэжээ.
Түүний номд дурдагдсанаар 2016 онд Европ хэрэглэгчдээс авсан онлайн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 15% нь өнгөрсөн зул сараар авсан бэлэгтээ сэтгэл дундуур хоцорсон, 10% нь ямар бэлэг авснаа санадаггүй, 25% нь авсан бэлгээ цааш нь өөр хэн нэгэнд бэлэглэсэн, 14% нь авсан бэлгээ өөр хүнд худалдсан, 10% нь бэлгээ дэлгүүрт нь буцаахыг оролдсон хэмээн хариулжээ. Ахмад настнууд өөрт таалагдаагүй бэлгээ ямар нэг байгууллагад хандивлахыг илүүд үздэг гэсэн бол 25-34 насныхан зүгээр л гаргаад хаяхыг илүүд үздэг гэжээ. /дахиад л хаягдал/
Энэ мэт хэтийдсэн их хэрэглээнээс үүдэлтэй хор хохирлууд нэмэгдэхийн хэрээр Хойд Америкт Buy Nothing Christmas, Buy Nothing Day зэрэг санаачилгууд газар авч байна.
Канадын Ванкувер хотын уран бүтээлч Ted Dave-ийн эхлүүлсэн Талархлын баярын дараах Баасан гарагт ямар ч худалдан авалт хийхгүй байхад уриалсан санаачилга нь 1997 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
Үүнтэй адилаар Зул сарыг ямар ч худалдан авалт хийхгүйгээр зөвхөн хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлж, гараар урласан бэлэг солилцож байх санаачилга ч мөн тодорхой бүлгүүдийг хамарсаар байна.
Дэлхийн нийт орнуудын талаас илүү хувь нь тэмдэглэдэг жилийн хамгийн гайхалтай баяр болох зул сарыг эдийн засгийн хямрал, хэт их хог хаягдал, өрийн дарамтгүй байлгахад маркетерууд яаж тусалж болох вэ?
Бүтээгдэхүүн биш мэдрэмж зарцгаая: Хэрэгцээгүй бүтээгдэхүүн үйлчилгээг “Хүсэмжит” юм шиг харагдуулж, олноор нь, багцаар нь, бүгдэд нь гэж сурталчлахаа зогсооё. Үүний оронд хайр, халамж, халуун дулаан мэдрэмж, баярын мартагдашгүй дурсамжийг санал болгоорой.
Байгальд ээлтэй, ёс зүйтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоё: Бүтээгдэхүүний түүхий эд, ажиллах хүчин, үйлдвэрлэл, сав баглаа боодол зэрэг үйлдвэрлэлийн шат дамжлага бүртээ ёс зүйтэй, байгальд ээлтэй дадлыг хэвшүүлж, мөн адил брэндүүдтэй хамтарч ажиллацгаая.
Технологийн дэвшлүүдийг ашиглая: 12 дугаар сар эхэлмэгц цэцэрлэг сургууль, албан байгууллагууд бүгд Монита /Secret Santa/ зарлаж эхэлдэг. Борлуулалтын энэ боломжийг овжиноор ашиглаж, технологийн шийдлүүдийн тусламжтайгаар хүн бүрт тохирсон, сэтгэлд нь нийцэх бүтээгдэхүүнийг санал болгож болно шүү.
Хүргэлт: Борлуулалт хэдий чинээ өснө, хүргэлт ч мөн төдий чинээ өснө. Тиймээс компаниуд хүргэлт хийх тээврийн хэрэгсэл, явах маршрут, хуваарь зэргээ байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх хэлбэрээр зохион байгуулаарай.
Ийнхүү Writers Club-ийн гишүүн О.Солонго та бүхэнд анхны нийтлэлээ хүргэлээ. Шинэ оноо сайхан угтаарай.
Comments