Та өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу.
Намайг Сэдэд гэдэг. Сидней хотод дэлхийн бүтээлч салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг гардуулагч, боловсролын байгууллага D&AD-ийн Shift хөтөлбөрийг төгсөж, дэлхийн хамгийн том ПР, Маркетингийн компани Edelman-д туршлага хуримтлуулах ховор боломжийн эзэн болоод байна. Мөн Freelance-аар Сиднейн Метро тэргүүтэй олон Австрали компани, байгууллагад маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна. Чөлөөт цагаараа гэрэл зураг дарах дуртай. Гэрэл зураг дарснаар энгийн зүйлсийг ажиглаж, төсөөлөн бодож, өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмжийг ойлгох, унших, бүтээлч байдлаа хөгжүүлэх дасгал болдог.
Маркетинг & бүтээлч салбар руу орсон түүхээ хуваалцвал.
Би багаасаа уран зураг зурдаг, дэлхий ертөнц, түүх, нийгэм, газарзүйг сонирхож төсөөлж чаддаг бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд байсан. Маш олон хүүхдүүдийн адилаар санхүүгийн боломжгүй, мэргэжил, карьераа сонгож чадахгүй явсаар Европт Бизнесийн удирдлагаар тэтгэлгээр суралцсан. Төгсөөд Монголд очиж мөн адил ямар ажлаа хийх учраа олохгүй явсаар найзынхаа санал болгосноор анх Viral Agency-д орж ажилласан. Тэр үеэс л бүтээлч салбарт дахин дуртай болсон. Мөн Bat Solution Partners компанид ажилласан үеэс энэ салбар бол зүгээр зар сурталчилгаа биш бизнес тэр чигээрээ гэдгийг ойлгож эхэлсэн.
Монголд ажилласан туршлагаасаа хуваалцвал.
Би Монголд Viral Agency болон Bat Solution Partners компанид ажилласан. Энэ хоёр компани болон бусад маркетингийн компаниуд бол Монголын бизнес, нийгэм, эдийн засагт том өөрчлөлтийг авчирч байгаа. Мэдээж барууны орнуудын 100 жилийн өмнө үүсээд тасралтгүй хөгжиж яваа маркетингийн компаниудын дэргэд энэ салбар Монголд хөгжиж эхлээд 10 жил л болж байна. Эдгээр компаниуд бол анхдагчид болохоор бахархдаг. Маш олон төрлийн төслүүд дээр ажиллаж, маш их зүйлийг сурч, туршлага нэмэгдэх бүрт улам их төөрөгдөл, ойлгомжгүй зүйлс гардаг. Тэр бүх төөрөгдөл үүсгээд байгаа шалтгаан нь юмыг сууринаас нь биш, энгийнээр ойлгох биш шууд том том стратеги, төсөл, маркетингийн онол, моделиуд, аргууд дээр бүх анхаарлаа хандуулаад байгаад байгааг D&AD Shift хөтөлбөрөөр ойлгож авсан.
D&AD Shift хөтөлбөрийн талаар яриач.
Дэлхийн бүтээлч салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг гардуулагч, боловсролын байгууллага D&AD нь 2016 оноос Google компанитай хамтарч Shift хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоогоор Нью-Йорк, Лондон, Сидней, Берлин, Сан-Паулу хотуудад дэлхийн шилдэг маркетингийн компаниуд, экспертүүдтэй хамтарч жил бүр 15-20 залууст дараагийн шатанд хөтлөх боломжийг олгож байна. Би Австралид том зорилго, мөрөөдөлтэй ирсэн болохоор D&AD Shift хөтөлбөрийн олон шатны шалгаруулалтад маш сайн бэлдэж, Австрали улс даяарх олон мянган залуусаас шалгарсан 18 залуусын цор ганц гадаад залуу болсон.
Хөтөлбөр нь үндсэн гурван Executive Creative Director-той. Ogilvy Network Australia, The Disruption company TBWA, Австралиас үүсэлтэй Special Group-ийн Executive Creative Director-ууд. Мөн түүнээс гадна 30 орчим дэлхийн том маркетингийн компаниудын экспертүүдээс суралцсан. Мөн хүн бүр чөлөөт цагаараа ментор авах нэг ментортой болсон бөгөөд миний хувьд HAVAS-ийн Creative Director таарсан нь азтай байсан. Хөтөлбөрийн хүрээнд Mastercard, Pepsi, WeAreWarriors (Australian Social Enterprise) кампанит ажил дээр ажилласан. Хөтөлбөрийн төгсөлт showcase дээр Ogilvy Network -ийн Executive Creative Director-ийн Австралийн маркетингийн манлайлагч нарт хандаж хэлсэн үг маш таалагдсан: “Компанийн хариуцлага гэх нэрээр залуу хүмүүст боломж олгох гэсэн өнцгөөр биш тэд төсөлд тань, компанид тань, багт тань маш том хөрөнгө оруулалт болно гэсэн өнцгөөр харж, итгэж ажилд аваарай.” Тэр шилдэг компаниудын болон экспертүүдийн арга барил, туршлага, хэлэх гээд байгаа мессежийг маш сайн холбож ойлгож, ажиглаж, харьцуулж дүн шинжилгээ хийснээр миний төөрөгдөл алга болсон.
Тэгвэл таны ойлгосноор Creativity гэж юу вэ?
Өмнө нь хэлснээр юмыг сууринаас нь, энгийнээр ойлгож байж л ойлгоно. Бүтээлч байдлыг ойлгохоосоо өмнө аливаа зүйлийг салгаж, ялгаж, хэцүү, томоор боддог байдлаа мартах хэрэгтэй. Бүх зүйл хоорондоо холбоотой бөгөөд энгийн. Энэ бол нэг л ертөнц, нэг л дэлхий, нэг л амьдрал. Тэгэхээр бүтээлч байдал бол Монголд өөр, гадаадад өөр, урлаг юм уу маркетингийн өмчлөөд авчихсан зүйл биш.
Creativity гэдэг үгийг Монголоор бүтээлч байдал гэж орчуулах нь зөв.
Create - Бүтээх
Creation - Бүтээл
Creator - Бүтээгч
Creative - Бүтээл; Бүтээлч; Бүтээлч мэргэжилтэн.
Creature - Бүтээгдсэн зүйлс, амьтан
Бүгд Латин хэлний Creare - хийх гэсэн үгнээс гаралтай.
Тэгэхээр бүтээх гэдэг бол хийх л гэсэн үг. Бүтээлч байдал нь юмыг хийх чадвар л гэсэн үг. Бүтээлч хүн гэдэг нь юмыг хийхийг маш ихээр, чин сэтгэлээсээ хүсэж, хийдэг хүн. Юмыг хийх гэдэг нь өөрөө хүний амьдрах мөн чанар нь. Юм хийхгүй бол амьдрал байхгүй.
Өглөө босоод ороо хураах нь таны бүтээж байгаа, таныг бүтээлч болгож байгаа хамгийн эхний зүйл. Ор хураах гэдгийг анх сонсоход зүгээр л энгийн өдөр тутмын үйлдэл юм шиг боловч дэр, хөнжил, даавууг хурааж, засаж, байрлуулж байгаа нь нэг ёсны бүтээлч байдал. Эмэгтэй хүмүүс өглөө нүүрээ будах нь бүтээлч үйл явц. Ургамал ургаад, үр, цэцэг, жимсээ тараах нь бас бүтээлч үйл явц. Үүнтэй адил хүн төрөөд, амьдраад, үр удмаа үлдээж, үхэх нь бас бүтээлч үйл явц. Тэгэхээр хүн бүхэн бүтээлч. Бүтээхгүйгээр амьдрал байхгүй. Бүтээлч байдлаас зугтах ямар ч арга зам байхгүй.
Орчлон ертөнц бас өөрөө бүтээгдэж байгаа зүйл. Байгалийн хүч үү, Их тэсрэлт үү, Энерги үү, Бурхан уу, Ухамсар уу ялгаагүй орчлон ертөнцийг бүтээж байгаа. Хүн төрөлхтөн соёл иргэншлийг бүтээсэн, бүтээж яваа. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээдэг. Бизнесийг бүтээдэг, бүтээлцдэг. Зар сурталчилгаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээдэг. Уран бүтээлийг бүтээдэг. Кино, дуу, хөгжим бүтээдэг. Гэр бүл, нөхөрлөл, мэдрэмж, хайр, итгэлцэл, нэр хүндийг бүтээдэг.
Бүтээлч байдлыг бий болгодог буюу аливаа зүйлийг хийх хөдөлгүүр болдог зүйл нь бол төсөөлөн бодох чадвар. Жишээлбэл, хоол хийх нь бүтээлч байдал. Хүн хоол хийхээсээ өмнө ямар хоол идэхээ төсөөлөн боддог. Жор орцоо өөрийн мэдлэг дээр үндэслэж төсөөлөн боддог. Хоолоо идэж байхдаа амтыг гоё байна уу, муухай байна уу гэдгийг төсөөлөн боддог. Корона тусаад амт мэдрэхгүй байхдаа та төсөөлөн бодсон л байгаа. Тэгэхээр өдөр тутмын амьдралаас соёл иргэншил хүртэл бүгд төсөөлөн бодох чадвараас тасралтгүй гарч байгаа.
Альберт Эйнштейн “Төсөөлөн бодох чадвар мэдлэгээс ч илүү” гэж хэлсэн байдаг. Төсөөлөн бодох чадвар бол бүхнийг хөдөлгөөд байгаа жинхэнэ хүч нь, мэдлэг, логик сэтгэлгээ бол ердөө л тэр хүчийг ойлгох гээд байгаа арга нь, хэрэгжүүлэхэд хэрэг болох гарын авлага нь.
Тэгэхээр төсөөлөн бодохгүйгээр, юуг ч хийж, бүтээж чадахгүй. Бүтээхгүйгээр амьдрал байхгүй бөгөөд хүн бүхэн, амьтай, амьгүй бүхэн, энэ ертөнц өөрөө бүтээлч. Бидний салбар бол бизнесийн, маркетингийн, дизайны бүтээлч байдал. Гэхдээ миний ярьсан бүтээлч байдалтай яг адилхан.
Урлаг, маркетинг, дизайн салбарын хүмүүс илүү бүтээлч байдаг шалтгаан нь, ялгаа нь яг үнэндээ гоо зүйн мэдрэмж, урлаглаг байдал биш. Тэд зүгээр л ертөнцийн хууль, байгалийн хуулийг дагадаг буюу энерги, мэдээллийг хамгийн чөлөөтэйгээр дамжуулах, солилцох байдлыг бүтээдэг хүмүүс. Байгаль эх өөрөө ургамал, амьтан, нар, ус, салхи, агаар, газар шороо гэх мэт зүйлсээр энергийг маш чөлөөтэйгээр дамжуулж, эргэлдүүлж байдаг. Яг түүн шиг олонх хүмүүсийн ойлгож буй бүтээлч байдал буюу сайн бичих чадвар, сайн зураг зурах, зураг дарах, сайн график дизайн, дуу, видео бүтээх, сайн стратеги, бодлого боловсруулах нь энергийг чөлөөтэйгээр дамжуулж, эргэлдүүлж буй л үйл.
Edelman дээр хуримтлуулж буй туршлагаасаа хуваалцавал.
Дэлхийн бүх том маркетингийн компанийн онол нүдэнд харагдаж, гарт баригддаггүй, хэмжигдэхүүнээр үүсдэг. Анхаараал татах, сэтгэл хөдлөл, зан чанар гэх мэт. Монголд олон маркетингийн компаниуд болон маркетерууд анхаарал татах дээр төвлөрдөг, сэтгэл хөдлөл чухал гэдгийг мэддэг болж байгаа.Гэхдээ энэ бол бас л хоцрогдсон, гүехэн, үр дүн багатай аргууд. Үүний дараагийн үе шат, илүү гүнзгий арга бол reputation - нэр хүнд дээр анхаарлаа хандуулах. Emotion - сэтгэл хөдлөл түр зуурын байдаг болохоор сайн анхаарал татах сайн арга байж болно. Нэр хүнд бол урт удаан үргэлжилдэг, хүмүүст худалдаж авах, хэрэглэгч болох сэдлийг төрүүлдэг буюу хандлагыг өөрчилдөг.
Нэр хүнд бас л хангалтгүй. Зөвхөн нэр хүнд дээрээ анхаарлаа хандууллаа гээд хандлагыг л өөрчилнө. Дараагийн үе шат буюу Edelman компанийг тодорхойлдог зүйл бол Trust - Итгэлцэл. Итгэл үнэмшил, итгэлцлийг бий болгосноор хүмүүсийн үзэл бодол, үзэл санаанд нөлөөлнө. Энэ бол зүгээр нэг сэтгэл хөдлөл, хандлага өөрчилхөөс маш том ялгаатай. Хувь хүний амьдрал, бизнесийн амжилтад итгэлцэл чухал байдаг шиг ПР Маркетинг, бизнесд итгэлцэл бүтээх хамгийн чухал. Итгэлцэл бүтээх нь Edelman компанийн бүтээлч байдал нь. Тийм болохоор бидний мэдэх дэлхийн ихэнх том брэндүүд, бүр зарим салбарын өрсөлдөгч нар бүгдээрээ ганцхан Edelman-ээр итгэлцэл үүсгэх стратеги ээ тодорхойлуулдаг.
Хамгийн энгийнээр тайлбарлавал худал ярьдаг хамтрагч, найз нөхөртэй итгэлцэл үүсдэггүйтэй адил, худал ярьдаг бизнест итгэлцэл үүсэхгүй. Хүмүүс бие биедээ итгэснээр энергийг хамгийн чөлөөтэйгээр дамжуулж, эргэлдүүлдэг буюу хайр, нөхөрлөл, хамтрал, нэгдмэл байдал чөлөөтэйгээр бий болдог. Хүмүүс хайртай хүн, найз, хамтрагчынхаа итгэлийг алдахгүй байхыг хичээдэг, эргээд тэдэнд бас итгэдэг. Бизнес, маркетинг дээр ч адил байх ёстой.
Бүтээлч салбарын залуусдаа зөвлөгөө өгвөл,
Хамгийн чухал зүйл бол өөрөө, өөрийгөө ойлгох. Өөрөө өөрийгөө ойлгосноор бусдыг ойлгох, бүх зүйлсийг ойлгох амархан болно. Өөрөө өөрийгөө ойлгох бол мэдлэгээс үүсэхгүй. Зүгээр л бүх зүйлийг энгийнээр харж, бодож, бодлоо үргэлж хоосон байлгах гэж хичээхэд л болно.
Дэлхийн шилдэг бизнесменүүд, түүхэн дэх манлайлагчид гоц ухаантай, хамгийн сайн сэтгэн боддог, хамгийн шилдэг боловсролтой, маш их туршлагатай байгаагүй гэдгийг санаарай. Тэд зүгээр л бүтээлч байж чадсан. Бас тэдний ихэнх нь маш залуу насандаа амжилтад хүрсэн байдгийг санаарай.
Өөрийгөө туршлагагүй гэж голохоо болиод өөрийгөө, компаниа, улс эх орноо бүтээлцээрэй. Нэг талаараа өөрсдийгөө залуу туршлагагүй гэж хариуцлагаас, юмыг гартаа авахаас зугтаж, бусдыг буруутгаж амьдрахаа болиод нүүр тулж, дэмждэг, тэмцдэг, өөрчилдөг, сайжруулдаг нэгэн байгаарай.
Болж бүтэхгүй байгаа улс орны болон хувийн асуудлуудаа юмыг хийхгүй байх шалтаг болгодоггүй байгаасай. Бид, бидний хүүхдүүд ч сайн сайхан улс орныг үзэхгүй байсан ч, бидний ач, гуч гээд ирээдүй үргэлжилнэ гэдгийг үргэлж санаж явдаг. Одоогоос 25 жилийн дараа манай үеийнхэн эд манлайлах 50 настай байх үед маш их өөрчлөлтүүд ирсэн байна гэдгийг төсөөлөөд үзээрэй.
Email: seded.altansukh@edelman.com
LinkedIn: https://www.linkedin.com/in/seded/
Website: www.seded.com.au
Kommentare