Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өөрийгөө уншигчдадаа товчхон таницуулна уу?
Сайн байцгаана уу. Намайг Т.Анударь гэдэг. Сүүлийн 4 жил өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийгээд, бүтээлч салбарт ажиллаад, одоогийн байдлаар Daisuki Global компанийг үүсгэн байгуулаад явж байна.
Яагаад маркетингийн бүтээлч салбарт ажиллах болсон бэ?
Намайг 10 жилийн сурагч байхад эгч маань гар урлалын зүйлс маш сайн хийдэг ч бусдад борлуулах, сурталчлах бодолгүй байдаг байсан. Тэг үед эгчдээ “Та гар урлалаа хийгээд, би зараад хоёулаа бизнестэй болж болох юм биш үү?” гэж санал тавиад, өөрөө page хуудас нээж, бүтээгдэхүүнээ сурталчилж эхэлсэн. Энэ үед анх удаа өөрийн сонирхол, хийх дуртай зүйлээ олж мэдсэн. “Зүгээр байгаа зүйлийг бүтээлчээр хүмүүст хүргэж чадах юм бол тухайн зүйлийн жинхэнэ үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж ойлгуулж чаддаг юм байна” гэдгийг олж харсан. Тиймээс энэ салбартаа илүү ихээр дурласан.
Ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
Би тэтгэлэгт болоод дадлагажигч хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагддаг. Өөрийгөө сорьж үзэх дуртай, хөдөлгөөнтэй оюутан байлаа. Гуравдугаар курстээ Маркетингийн холбооны дадлагажигч хөтөлбөрт хамрагдаж 3 сар орчим Таван Богд Группийн маркетингийн захирлын туслахаар дадлага хийсэн. Дадлагаа дууссаны дараа маркетингийн холбооны гишүүн болох урилга ирсэн. Гишүүн болоод дараа жил нь дадлагажигч хөтөлбөрийн зохион байгуулах багт орлоо. Өөртэйгөө адилхан их сургуулиа төгсөөгүй оюутнуудыг шалгаруулж аваад, менторуудынхаа оффисоор танилцуулж байхдаа Вайрал Маркетингийн Агентлагийн Энхбаясгалан захиралтай анх танилцсан. Тэр үед санамсаргүй гэх юм уу? ажлын ярилцлагад бараг л орчихсон. Тэгэхдээ шууд ажилд ороогүй. CU-ийн нэг кэйс дээр ажиллаж, санал бэлдээд, 7 хоногийн дараа уулзаад шууд ажилд орж байсан.
Агентлагийнхаа талаар бидэнтэй хуваалцана уу?
Daisuki Global компани албан ёсоор үүсгэн байгуулагдаад 2 сар болж байна. Бид маркетингийн зөвлөх болоод бусад бүхий л үйлчилгээг байгууллагуудад санал болгож байгаа. Тэр дундаа Digital Literacy хамгийн сайн залуу үеийнхэнд чиглэсэн бүтээгдэхүүн, кампанит ажлууд дээр төвлөрч ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд инфлюнсер маркетинг, илүү контент бүтээгчид рүү чиглэж байгаагаараа онцлогтой. Монгол улсад одоогийн байдлаар 7000 орчим контент бүтээгч болоод инфлюнсерүүд байна. Үүний зэрэгцээ бүхий л байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа хүрэхийг зорин ажиллаж байна. Гэхдээ эдгээр байгууллагуудад яг ямар контент бүтээгч болоод инфлюнсерүүд өөрсдийн брэнд, зорилтот хэрэглэгчийн сегменттэй тохирч байгаа эсэхийг төдийлөн мэддэггүй санагддаг. Харахаар бүгд л нэгэн ижил контент бүтээгч,инфлюнсерүүдээр маркетингаа хийдэг, хоорондоо ямар ч ялгаагүй болчхоод байдаг юм шиг. Харин манай агентлаг энэхүү нөхцөл байдлыг оновчлох хэрэгтэй, оновчилсноороо байгууллагын хувьд зорилтот хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ илүү үр дүнтэйгээр хүргэх боломжтой гэдгийг олж харсан. Энэ салбар өөрөө яг юу болоод байгаа гэдгийг бид эхнээс нь цэгцэлж байгаа гэх юм уу даа. Байгууллагаас гадна инфлюнсер контент бүтээгч нар бидэнтэй хамтарч ажиллах бүрэн боломжтой. Бидний өгөх хамгийн том үнэ цэн бол тоон өгөгдөлд суурилж, үнэн зөв өгөгдлийг аль болох гаргаж ирэхийг хичээж буй явдал юм.
Ямар шинэ боломжуудыг Daisuki агентлаг бий болгож байна гэж үзэж байна вэ?
Мэдээж хэрэг маркетингийн бүхий л үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр контент бүтээгчид рүү чиглэсэн боломжуудыг олгож байна. Жишээлбэл, байгууллага компанит ажил дээр 30 инфлюнсерүүдтэй хамтарч ажиллах байлаа гэж бодоход 30 хүнтэй холбогдох, богино хугацаандаа багтан хийсэн ажлаа хурааж авах гээд маш их ажил болохоос гадна цаг хугацаа алддаг. Нэг оффист сууж байгаа ч 2 зэрэг нэг хүн рүү залгах тохиолдол байна. Тэгвэл энэ бүгдийг тоон өгөгдөл дээр суурилаад инфлюнсерүүд болон контент бүтээгчдийг компаниудад санал болгох боломжтой. Маркетингийн Icloud маягийн зүйл үүсгэх гээд байгаа юм. Зарим инфлюнсерүүд олон дагагчтай ч engagement rating 0,05 хүрэхгүй, нийт дундаж постынх нь лайк нь 500 давдаггүй 500,000 дагагчидтай байхад компани бол дагагчдынх нь тоог хараад олон гээд бодох тохиолдол бага зэрэг байдаг. Тэгэхээр яг бодит үр дүн гарах тал дээр төдийлөн учир дутагдалтай санагддаг. Тиймээс энэ тэнцвэрийг аль болох дэнслээд үр дүнтэй байлгахын тулд ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг харсан. Жишээлбэл, кино өөрөө хэзээ ч сонирхдоггүй байсан ч дагагчдынх нь 30% нь кино сонирхдог, 30% нь адал явдалт зүйлс сонирхдог байвал 60%-ийн бэлэн хэрэглэгчид байна аа гэсэн үг.
Гадаадад энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг уу?
Яг энэ чиглэлээрээ мэргэшсэн зөвхөн инфлюнсерүүдийг хариуцдаг компани олон байдаг. Жишээ нь, Энэтхэг улс хэдэн тэрбум хүнтэй болохоор яг өөртөө хэрэгтэй инфлюнсер болоод контент бүтээгч нарыг олж чаддаггүй тиймээс оновчилж, илүү дэлгэрэнгүй бүтэцтэй платформ сайтууд байдаг.
Компанид одоогоор тулгарч байгаа ямар асуудлууд байна вэ?
Инфлюнсерүүдтэй хамтарч ажилладаггүй эсвэл өөрсдөө холбогдчихдог байгууллагууд танайхтай хамтрах шаардлага байгаа билүү гэж бодох гээд байдаг. Гэхдээ нөгөө талдаа харилцаа холбоо гэдэг том ур чадвар учраас байгууллага дээр ямар нэгэн инфлюнсер дахиж хэзээ ч хамтрахгүй гэх мэт алдаа гаргахгүйгээр мэргэжлийн байгууллагад хандах нь илүү оновчтой юм. Байгууллагууд инфлюнсерийн дугаарыг яаж олох, холбогдох гэх зүйлст санаа зовохын оронд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бусад чухал зүйлсдээ илүү их цагаа гаргах боломжтой гэдгийг хүмүүс ойлгох нь л чухал байна.

Ирээдүйд компани нь хаашаа чиглэж, зорьж байна вэ? Ойрын ирээдүйн төлөвлөгөө?
Одоогийн байдлаар платформ хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Байгууллага болоод агентлагууд like, share, engage-ийн тооноос гадна илүү нарийн үзүүлэлтээр амжилтаа хэмжих хэрэгтэй санагдаад байгаа. Яг цаана нь хэдэн link, click дарсан гэдэг нарийн хэмжүүрүүдийг гаргаж ирэх гэх мэт. Тэдгээрийг бид платформ руугаа оруулж ирэх талаар ч ярилцаж байна. Тоон өгөгдөл дээр суурилаад аливаа нэгэн шийдвэрийг оновчилж, гаргасан үр дүнгээ хүмүүст хүргэхийг ирээдүйд зорин, ажиллаж байна.
Дараагийн 3 жилд маркетингийн ямар тренд давамгайлна гэж бодож байна вэ?
Creator economу эрчийг илүү авах нь тодорхой болчхоод байгаа. 2030 он гэхэд одоо байгаа creator economy бараг 3 дахин өснө гэсэн судалгаанууд байсан. Тэгэхээр ирээдүйн чиг хандлага миний бодлоор хүн болгон контент бүтээгч байх боломжтой буюу User generated контентууд давамгайлна гэж бодож байна. Энэ жил Монголд яг контентоор гараад ирсэн зөндөө бодит үйл явдлууд байна. Мөн түүнчлэн 13-24 хүртэлх насны залуучуудын дийлэнх буюу бараг 80% нь контент бүтээгч (стори хийх, зураг аваад постлох ч нь ямар нэгэн байдлаар бүтээж байгаа) гэж өөрсдийгөө дүгнэдэг. (How Fans Have Shifted from Consumers to Creators -and How They Brought Viewers along with Them, n.d.)
Шинээр ажлын байр дээр гарч буй залуустаа хандаж хэлэх үг
Залуу байхад хамгийн чухал болоод хөрөнгө оруулах боломжтой зүйл бол цаг хугацаа гэж боддог. Учир нь бид нарт их хэмжээний мөнгө эсвэл ажлын арвин туршлага гэхээр зүйлс байхгүй. Байгаа хөрөнгө нь цаг хугацаа. Тэгэхээр өөрийн цагаа юунд зарцуулж, төвлөрч байна тэрнээсээ үр шимээ хүртэнэ гэж хувьдаа итгэдэг. Тиймээс цаг хугацаагаа үр дүнтэйгээр, хэрэгтэй зүйлсдээ зориулаасай гэж дүү нартаа зөвлөмөөр байна.
コメント