Та өөрийгөө товчхон танилцуулна уу.
Намайг Н.Болор гэдэг. Би Америкийн Нэгдсэн Улсад Virginia-ийн Их Сургуулийг “Бизнесийн Удирдлага-Олон улсын санхүү” мэргэжлээр төгссөн. Одоогоор Таванбогд Фүүдс Пицца ХХК буюу Pizza Hut-д маркетингийн албаны даргаар ажиллаж, мөн Монголын Маркетингийн Холбооны гишүүнээр үүрэг гүйцэтгэж байна. Миний ажлын замнал оюутан байхаас эхлэн төрийн болон олон улсын байгууллагын төслүүдэд оролцож, туршлага хуримтлуулсан. Бизнесийн салбарын ажил хөдөлмөрөөс гадна би сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулах, оролцох, хамтран ажиллахыг чухалчилдаг. Америкт суралцаж байхдаа гэр оронгүй хүмүүст хоол хүргэх, шинэ жилээр бэлэг тараах зэрэг сайн дурын ажлуудад идэвхтэй оролцож байсан. Энэ бүх туршлага миний хувьд зөвхөн мэргэжлийн, амьдралын баялаг туршлага болж бус, бусдад туслах хүсэл, нийгмийн хариуцлагаа ойлгож хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Яагаад маркетингийн салбарт ажиллах болсон бэ?
Би маркетингийн салбарт 7 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би юуг хийж чадах вэ, хүмүүсийн амьдралыг яаж сайжруулах вэ, миний зан чанар, хүсэл мөрөөдөлд ямар мэргэжил илүү тохирох вэ гэдгээ ойлгож мэдсэн. Маркетингийн чиглэлээр анх Монголд ажиллаж, амьдрахаар шийдсэн тэр үед би энэ салбарт тогтвортой, утга учиртай үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээ мэдэрсэн. Ажиллах тусам маркетингийн салбар нь миний үнэт зүйлс, авьяас, ур чадвар болон хүсэл мөрөөдөлтэй маш сайн нийцэж байгааг ойлгосон. Өөрөөр хэлбэл, энэ салбар миний "Би хэн бэ?" гэсэн асуултад хамгийн тохиромжтой хариултыг өгч байсан юм.
Хамгийн анхны ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ? Одоогийн ажлаа тодруулж хэлбэл?
Би хамгийн анх Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад хөтөлбөрийн туслахаар ажиллаж, хүүхэд хамгаалах болон орон нутгуудыг хөгжүүлэх төсөлд оролцож байлаа. Эдгээр төсөл дээрх туршлага маань одоо ажиллаж байгаа салбартаа ихээхэн дэм болж байна. Таван Богд Фүүдс компани зөвхөн борлуулалт, маркетингийн чиглэлд ажиллахгүй, харин нийгэмдээ хэрхэн эергээр нөлөөлөх вэ гэдэгт ч анхаардаг. Бид төрийн бус байгууллагуудтай хамтран эмнэлэг, хүүхэд, эрүүл мэнд, боловсрол зэрэг чиглэлээр нийгмийн хариуцлагын ажлуудыг идэвхтэй зохион байгуулж байна. Тухайлбал, Pizza Hut брэндийг нийгмийн хариуцлагатай брэнд хэмээн тодорхойлдог. Бид Монгол Улсын хаана ямар хэрэгцээ дутагдалтай байгаа талаар судалгаа хийж, хариу үйлдэл үзүүлж, шаардлагатай газруудад нөлөөлөх боломжтой гэж үздэг. Энэ үйл явцад Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад ажиллаж байсан туршлага маань тус болдог. Тиймээс ч хийж буй ажлаараа дамжуулан нийгэмдээ эерэг хувь нэмрээ оруулж байгаадаа би маш их сэтгэл хангалуун байна.
Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны хувьд бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?
Хүн бүрийн бүтээлч байдал нь өөр өөр байдаг. Бүтээлч санаа олох нь зөвхөн ганцаараа өрөөнд сууж, төсөөлөлдөө автах явц биш, харин хэзээ, хаанаас ч гарах боломжтой санаа юм. Миний хувьд бүтээлч санааг олоход романтик, уран зөгнөлт төрлийн ном унших нь тусалдаг. Ийм төрлийн ном унших нь ид шидийн мэт төсөөллийг төрүүлж, шинэ, шинэлэг санаануудыг олж харахад нөлөөлдөг. Түүнчлэн, тухайн номын зохиолчийн гүн гүнзгий утга санаа, хэрхэн илэрхийлж байгааг ойлгохыг хичээдэг. Номоор дамжуулан олсон шинэ санаагаа ажлынхаа орчинд хэрхэн хэрэгжүүлэх талаар харьцуулж боддог. Иймээс би романтик, уран зөгнөлт төрлийн номыг унших дуртай байдаг.
Бүтээлч санаа гэдэг нь зөвхөн анхаарал татсан санаа гаргахаас илүүтэйгээр хэрэглэгчийг хэрхэн ойлгох вэ гэдэг асуултаас эхэлдэг. Бидний хэрэглэгч хэн бэ? Тэдний хэрэгцээ, шаардлага ямар вэ? гэж эхэлж, хэрэглэгчийг ойлгох нь бүтээлч байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Cannes Lions Marketing фестивалд 2 жил дараалан оролцож, олон улсын брэндүүдийн бүтээлч шийдлүүдийг судалж, сурсан зүйлсээ өөрийн ажилд хэрэгжүүлэх боломжтой болсон. Pizza Hut-ийн хувьд бид олон улсын брэндийг эх орондоо нутагшуулж байгаа тул, орон нутгийн соёл, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг сайтар ойлгож, үүнийг компанийн стратеги, зорилго болон хэрэглэгчийн эрэлттэй нийцүүлэн хослуулан ажиллах нь бүтээлч байдал гэж би үздэг. Түүнчлэн, бид зорилтот хэрэглэгчидтэйгээ гүн гүнзгий харилцаа тогтоож, тэдний асуудлыг шийдвэрлэхийг хамгийн чухал гэж үздэг.
Танай багийн бүтээлч байдалд нөлөөлдөг 3 хүчин зүйлийг нэрлэнэ үү.
Нэгдүгээрт, манай багийн гишүүд хэн ч бүтээлч санаа гаргаж чадна. Томоохон кампанит ажлын үеэр бид маркетингийн хэлтсээс гадна бусад бүх л хэлтсүүдтэй чөлөөтэй харилцаж, тэдний санал бодлыг үргэлж сонсдог. Энэ нь бидний санаануудыг өргөжүүлж, илүү олон талаас нь авч үзэх боломжийг олгодог.
Хоёрдугаарт, манай байгууллагын соёл нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээд түвшний удирдлагууд ажилчдынхаа зорилго, амжилтад үргэлж дэмжлэг үзүүлж, тэдний санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай орон зайг бий болгодог. Энэ нь бидний ажилд идэвхжүүлж, эерэг нөлөө үзүүлдэг.
Гуравдугаарт, бидний багийн гишүүд зөвхөн өөрсдийн санаагаар хязгаарлагдахгүй. Бид үргэлж багаараа хамтран ажиллаж, жижиг зүйлсээс эхлээд томоохон асуудлуудыг ч ярилцаж, brainstorming хийдэг. Энэ үйл явц нь бидэнд багийн уур амьсгал болон бүтээлч байдлыг бий болгодог. Манай хамт олон өөрсдийн бүтээсэн санаа болон амжилтаа нэн тэргүүнд тавьж, багийн хамтын хүч бүтээлч байдлынхаа үндэс болгодог.
Стратегийн үүднээс авч үзвэл, ийм өрсөлдөөнтэй, хувьсан өөрчлөгдөж буй салбарт хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ жил бүр өөрчлөгдөж байгаа энэ үед Pizza Hut компанийн хувьд эдгээр хувьслуудтай хэрхэн зэрэгцэн ажиллаж байна вэ?
Орчин үеийн хурдацтай өөрчлөлтүүдтэй зэрэгцэн, бид тасралтгүй суралцаж, хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, амжилттай байхын тулд байнга шинэчлэгдэж, зах зээлийн шинэ хандлагад нийцэх ёстой. Хэрэв ямар нэгэн байгууллага өөрийгөө шинэчлэлгүй байлгавал зах зээлийн байр сууриа алдаж, өрсөлдөгчдөөсөө хоцордог жишээ олон байдаг. Шийдвэр гаргалт хийхдээ бид үргэлж судалгаа, шинжилгээнд суурилсан хандлагыг баримталдаг. Бид үргэлж шинэ, содон санаа хайж, тэдгээр нь хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, хэрхэн өөрсдийн брэндэд тохируулан хэрэгжүүлэх вэ? гэдгийг эрэлхийлдэг. Энэ нь бидний ажлын үндэс бөгөөд стратегийн үр дүнд олон давуу тал олгодог. Дижитал эрин үеийн салшгүй хэсэг болсон тул бид стратегийн хувьд дижитал брэнд болох зорилт тавьж, үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологи, системүүдийг нэвтрүүлэхэд анхаарч байна. Олон улсын чиг хандлага, трендүүд болон сорилтууд бидний давуу тал болдог. Эдгээр мэдээллийг ашиглан бид Монголын хэрэглэгчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлт хийх шаардлагатайг урьдчилан тооцоолдог.
Pizza Hut нь 3 сар тутамд шинэ бүтээгдэхүүн гаргаж, урамшуулал зарладаг нь хэрэглэгчдийг уйдаахгүй, тэдний зан төлөвтэй нийцүүлэн ажилладагтай холбоотой. Энэ нь байнга судалгаа шинжилгээ хийж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн шинэчлэлтүүдийг цаг тухайд нь хийхийг шаарддаг.
Таны хувьд хамгийн сайн кампанит ажил гэвэл ямар кампанит ажлыг хэлэх вэ?
Манай баг олон компанит ажил хийдэг бөгөөд түүнийгээ үр дүнтэй, сэтгэл хөдөлгөсөн байдлаар хэрэгжүүлдэг. Pizza Hut-ын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан "Пицца бэлэглэв" кампанит ажил нь жил бүрийн уламжлал болсон бөгөөд Улаанбаатар хотын өнцөг булан бүрт халуун пицца хүргэж, хүмүүст аз жаргалыг бэлэглэдэг. Энэ нь "Хайрлах нь хуваалцахаас" гэх уриатай нийцэж, хүмүүст хайр, халамжийг түгээж байгаагаараа онцлог. Түүнчлэн анх Magic Box номын сангийн төслийг хамтран хэрэгжүүлж, 2 ширхэг Magic Box-ийг орон нутгийн алслагдсан газарт 100% санхүүжүүлэлттэйгээр хүргэж, хүүхэд залууст зориулан бэлэглэсэн. Үүгээр дамжуулан олон байгуулга Magic Box хөтөлбөрт нэгдэн жил бүр шинэ Magic box хийгдэж байгааг харахад бидний нийгэмдээ оруулж буй хувь нэмрийг тодотгодог томоохон алхмуудын нэг юм. Бид мөн Dudu хүүхдийн шинжлэх ухааны музейг аврах аяны хүрээнд шаардлагатай байгаа мөнгөн дэмжлэг, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, өрөө засварлах гэх мэт үйл ажиллагаануудыг санхүүжүүлж, аль ч салбарт туслахад үргэлж нээлттэй байдаг. Нийгэмдээ өгч буй энэ хувь нэмэр нь сэтгэлд хамгийн их үлддэг, бидний ажиллах аз жаргалын нэг хэсэг болдог.
Энэ бүх компанит ажлууд нь зөвхөн бизнесийн хүрээнд төдийгүй, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ үнэлэгддэг.
Залуу маркетерууддаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Их сургуулиас ажлын талбарт гарах үед орчин, нөхцөл, шаардлага бүх талаар өөрчлөгддөг гэдгийг мэдэх нь чухал. Их сургуульд сурсан онолын мэдлэгээ практик дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн эхний асуулт болдог. Энэ үедээ өөрийгөө хязгаарлах, айдас дотор ажиллах нь үр дүнтэй биш. Иймд би залуу маркетерууд болон олон нийтэд айж эмээхгүй, зоригтой байж, чөлөөтэй сэтгэж, хэлэх зүйлээ илэрхийлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Маркетингийн салбар нь гэрэлтсэн, гялтганасан ертөнц гэж хэлж болно. Тиймээс шинэ, туршлагагүй гэдэг өнцгөөр өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Эсрэгээр нь суралцах боломжийг харан, өөрийгөө бүтээлчээр дайчилж, зоригтой байхад бүх зүйл амжилттай байж чадна.
Эцэст нь, маркетерийн хувьд чухал зүйл бол өөрийн хэлэх зүйлээ зоригтойгоор илэрхийлэх. Өөрийгөө чухал мэдлэгтэй, амжилттай мэргэжилтэн болохын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг хэлье.
Ийнхүү бидний ярилцлагын цаг дуусаж байна. Өөрийн үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан танд гүнээ талархаж, ажлын амжилт хүсье.
Commentaires