Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдадаа танилцуулна уу.
Сайн байна уу. Юуны түрүүнд энэхүү шинэ сонирхолтой төслийг эхлүүлж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Намайг Түвшинжаргалын Баттулга гэдэг. Анх Мобиком корпорациас ажлын гараагаа эхэлж, маркетингийн чиглэлээр ажиллаад 15 жил болж байна. Одоогоор Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч болон Global Event компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус хашиж байна.
Би их сургуулиа бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа их л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Оюутны холбооноос эхлэн төрийн бус байгууллагуудад сайн дурын ажил их хийдэг байсан. Сайн дурын ажил миний амьдралын нэгээхэн чухал хэсэг байсан бөгөөд одоо ч байсаар байна. Өөрөөр хэлбэл бизнес болон сайн дурын ажил хийх нь хэдийн амьдралын минь хэв маяг, хэрэгцээ болжээ.
Бизнес удирдлагаар суралцаж төгсөөд яагаад маркетингийн чиглэлээр ажиллах болсон бэ?
Би их сургуульд байхдаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлд нэлээд сонирхолтой байсан. Учир нь бизнесийн салбарт бүтээгдэхүүн маш чухал. Бүтээгдэхүүнд тулгуурлан бусад зүйлс оршин тогтнодог. Одоо байгаа бүтээгдэхүүнийг “яагаад арай өөрөөр өөрчилж болохгүй гэж” гэх бодлоос энэхүү салбарт ажиллах эхлэлээ тавьсан даа.
Анх ММХ (Монголын Маркетингийн Холбоо)-той хэрхэн танилцаж байсан бэ?
2015 оны өвөл тэр үеийн ММХ-ны ерөнхий менежер холбооны эвэнтүүдийг хариуцаж ажиллах саналыг надад тавьж байсан. Монголын Маркетингийн Холбоонд элссэнээр салбартаа олон гайхалтай төслүүд хийж хэрэгжүүлэх боломжтойг олж харж, өөрийн оролцоогоо оруулж ажиллахаар шийдэж гишүүнээр элссэн. Холбооны бүх түвшинд 8 жилийн турш ажиллаж ирсэн нь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах гол шалтгаан болсон болов уу гэж бодож байна.
Глобал Ивэнт компанийг үүсгэн байгуулах болсон түүх болоод үүнийг эхлүүлэхэд тань хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан бэ?
Хүн хамгийн их мэддэг, чаддаг зүйл, туршлагадаа тулгуурлан бизнес эхлүүлдэг. Би оюутны холбоонд байхдаа маш олон эвентүүдийг зохион байгуулдаг байсан юм. Тиймдээ ч энэ хэрэгцээ нийгэмд байгаа юм байна гэдгийг олж хараад, “Глобал Ивэнт” компанийг үүсгэн байгуулсан. Тухайн үед хамгийн сонирхолтой нь манай салбарынхан эвент гэх үгийг мэддэггүй, хэрэглэж эхлээгүй байсан. Анх компанийн нэрээ өгөхдөө “ивент” гэж бичиж байлаа шүү дээ.
Саяхан гадаадад оролцсон маркетингийн хурал, арга хэмжээнээс хамгийн гол сонирхолтой, шинэлэг санаанууд юу байв? Монголын маркетингийн салбар олон улсын түвшинд илүү ойртохын тулд цаашид ямар стратеги баримтлах шаардлагатай гэж харж байна вэ?
Саяхан Манила хотод Олон Улсын Азийн Маркетингийн Холбооны хурал, уулзалт зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд оролцох үед хөндөгдсөн асуудал бол “Mаркетинг гэж юу вэ?” гэх асуултанд олон хүмүүс эргэлзсэн байдал байсан. Одоо цагт хүн болгон л өөрийнхөөрөө маркетингийг тайлбарлаж байна. Үүн дээр маркетингийн үндэслэгч Ф. Котлер илтгэл тавьсан. Тэрээр “Маркетинг бол энгийн зүйл. Маркетингийн маш олон онолууд байгаа ч маркетингийн 4P бол суурь үндсэн ойлголт бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрэв энэ суурь өөрчлөгдвөл магадгүй арай өөр хэв маягтай болох болно” гэж хэлсэн.
Хоёрдугаарт дэлхийн тренд техник технологи, хиймэл оюун ухаанаас салшгүй холбоотой болсон. Иймд технологийн хэрэглээг сайжруулж, ашиглаж сурах хэрэгтэй. Монгол улсын хувьд маркетингийн агентлагууд эдгээр боломжуудыг хэр ашиглаж, өгөөжийг нь хүртэж байна вэ? гэдгээ сонсохоос илүү чухалчлан бодох хэрэгтэй.
Гуравдугаарт, маркетингийн агентлагууд илүү чадвартай болох, олон улсын маркетингийн агентлагуудтай хамтарч ажиллан, туршлага солилцож, шинэ боломж, сувгуудыг эрэлхийлж хайх хэрэгтэй. Учир нь энэ бүх бүтээлч санаа, амжилтуудыг маркетингийн агентлагууд гаргаж ирж байна шүү дээ.
Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?
Туршлагад үндэслэж, дараагийн санаа төрдөг гэж би боддог. Би өөрөө эвентийн салбарт орох шийдвэрийг гаргахдаа, энэ салбарт хангалттай шинэ санаа, боломжууд байгаа гэж үзсэн. Энэ ч утгаараа хамгийн сайн санаа асуудал дээрээс төрдөг гэж итгэдэг. Асуудлыг зөв ойлгох, шийдэх арга замыг хайх нь боломжийг нээх түлхүүр болдог. Асуудал хаана байна, тэнд боломж бий гэдгийг ойлгосноор, аливаа асуудалд хариулт өгөх, шийдэл гаргах нь илүү амархан болдог. Энэ нь зөвхөн бидний бүтээлч сэтгэлгээнд бус, салбараа гүнзгий ойлгож, зөв хандлагатай байхтай холбоотой юм. Өөрийн туршлага дээрээ үндэслэн бодлого, арга хэмжээг гаргаж чадвал, шийдэл нь зөв замаар хөгжиж, амжилт авчрах болно.
Та Монгол Улсын маркетингийн салбарын хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийг юу гэж үздэг вэ?
Монгол улсын маркетингийн салбарыг өдий зэрэгтээ болгосон зүйл бол бизнесүүд юм. Жишээлбэл, Мобиком корпораци, Таван богд групп, MCS групп, APU компани гэх мэт бусад маш олон компаниуд бий. Эдгээр бизнесүүд олон улсын мэдлэг туршлагыг эх орондоо авчирч, ажиллах хүчинг бэлтгэснээрээ зөвхөн эдийн засаг, нийгэмд нөлөөлөхөөс гадна маркетингийн салбарт маш том нөлөөллийг бий болгосон. Мэдээж дараа нь боловсон хүчинг бэлтгэж буй их сургуульд орно. Эдгээр хүмүүст баярлалаа л гэж хэлмээр байдаг даа.
Хэрэглэгчийн зан төлөв жил, сар, өдрөөр өөрчлөгдөж, брэндүүдийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Тэгвэл брэндүүд эдгээр хувьслуудтай хэрхэн зэрэгцэн ажиллавал зүйтэй вэ?
Хамгийн чухал нь хүн өөрөө өөрийгөө өөрчлөхгүй бол хамгийн сайн брэнд бүтээгдэхүүн ч түүнийг өөрчилж чадна гэж боддог. Монголын нийгэмд энэ цаг үед улс төрийн өөрчлөлтөөс илүү бизнес, брэндүүд л өөрчлөлт авчрах хэрэгтэй. Хамгийн сайн гэрийн даалгавраа хийсэн брэнд, бизнесүүд өөрчлөлт авч, өөрийн санааг хэрэглэгчдэд хүргэх чадвартай. Тэдний зорилго, утга учир нь л амжилтад хүргэдэг. Брэндүүд, бизнесүүдэд маш их хүч, нөлөө байдаг гэж би боддог. Тэд зөвхөн лого, өнгө төрхөөс илүүтэйгээр утга учиртай зорилго тодорхойлж, өөрчлөлт авчирна гэдэгт би итгэдэг. Тиймээс, бүх зүйл ямар нэгэн үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлаж, түүнийг харилцагч, хэрэглэгчдэд хүргэхэд оршдог гэж үздэг. Бизнес болон брэндүүдэд хүч ямагт байгаа.
Таны хувьд хамгийн сайн кампанит ажил гэвэл ямар ажил байдаг вэ? Яагаад? /Монгол болон гадаад жишээ/
Аливаа кампанит ажил нь үр дүнгээ хэмжиж чадсан байдал нь миний хувьд чухал гэж боддог. Миний хувьд олон улсад амжилттай болсон компанит ажил бол их байна харин дотоодод хэрэгжээд үр дүнтэй байж чадсан гэвэл Unfriend гэдэг кампанит ажил бодогдож байна. Таниж мэдэхгүй нэмсэн хүмүүсээ unfriend хийж сошиал орон зайд багагүй цахим залилан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан үр дүнг үзүүлсэн гэж боддог. Олон олон компанит ажлууд хийгдэх тусам сайн ажлууд ихсэнэ гэж итгэж байна.
Маркетингийн салбарт шинээр орж буй залуу мэргэжилтнүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? одоогийн зах зээлд таны хувьд ямар чадвар хамгийн их шаардлагатай байна вэ?
Өмнөх үеийн туршлагатай хүмүүсээс суралцах нь бидний хөгжлийн үндэс суурь болдог. Хэдийгээр өнөөгийн нийгэм олон нэршил, чиг хандлагаар хуваагдаж байгаа ч, бид бүх цаг үеийн үнэт зүйлс, мэдлэгээс суралцаж, ойлголцох нь чухал. Өөрийгөө тодорхой нэр төрлөөр хязгаарлахгүйгээр, ус шиг бүх цаг үед, ямар ч дүр төрхөд хувирч чаддаг байх нь амжилттай байх гол түлхүүр юм. Бидний хувьд нийгэм, ажлын орчинд хэрэгцээтэй мэдлэг, чадваруудыг хуримтлуулж, олон талт бөгөөд уян хатан байх явдал нь нэн чухал болоод байна. Энэ нь биднийг илүү олон боломжууд руу чиглүүлэх, тухайн үеийн нөхцөл байдалд төгс нийцүүлж, үр дүнтэй ажиллах боломжийг олгоно.
Ярилцлага ийнхүү өндөрлөж байна. Үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа
Comments