Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
1. Та өөрийгөө товчхон танилцуулна уу.
Намайг Баяраа овогтой Золзаяа гэдэг. Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Сити Их Сургууль болон Таван Богд группд ажиллаж байсан. Одоогоор “Маркетинг Академиа”-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
2. Та сүүлийн үеийн маркетингийн тренд болоод бусад мэдээллүүдийг хаанаас цаг алдалгүй авдаг вэ?
Маркетингийн салбарын сонирхолтой нийтлэлүүдийг байнга оруулдаг олон улсын дижитал сэтгүүлүүд, сайтуудаас гол гол мэдээллүүдээ уншдаг. Жишээлбэл Contagious, Next MBA гэх мэт, Монголын Adjournal, Unread today, graph.mn зэргээс шинэ сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авдаг.
3. Маркетинг, бүтээлч салбарт ажиллах болсон түүхээ уншигчдадаа хуваалцвал?
Миний хувьд Магистраа хамгаалж дуусаад хамгийн түрүүнд хийж үзмээр байсан ажил гэвэл их сургуульд багшлах байсан. Энэ зорилгоо даган, түүндээ дурлаж 5 жилийн турш оюутнуудад менежмент, маркетингийн чиглэлээр хичээл зааж, 2 ангийг төгсгөсөн. Энэ хугацаандаа оюутнуудтайгаа хамт суралцан хөгжиж, маркетингийн салбарт болж буй бүхий л уралдаан тэмцээн, олимпиадад алгасахгүй оролцдог. Олимпиад, эрдэм шинжилгээний хурал бүрээсээ шагналт байранд ороод л гараад ирдэг чамгүй амжилтуудыг гаргадаг байлаа. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа маркетинг бүтээлч салбарт бага багаар татагдсан. Энэ салбарт өөрийгөө сорьж үзэхээр зориглож, Монголд томоохон тооцогддог компаниудад маркетингийн чиглэлээр ажиллаад нэлээдгүй удсан.
4. Яагаад энэхүү академийг үүсгэн байгуулахаар болсон бэ?
Юуны өмнө Маркетинг академиа нь Subscibtion Model-той, ашгийн төлөө бус гишүүддээ сургалт, үйлчилгээг санал болгодог академик байгууллага юм. Миний хувьд их сургуульд багшилж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, бизнесийн талбарт ойр байх зорилгоор маркетингийн агентлаг болон кино урлагийн салбарт маркетингийн төслүүд давхар хийдэг байсан. Түүнчлэн үл хөдлөх, гоо сайхан, худалдааны салбаруудад тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа аль салбарт ажиллаж байгаагаас хамааран тэр салбарын хүн болчихдог юм байна гэдгийг олж харсан. Жишээлбэл, барилгын салбарт ажиллаж байгаа бол яг л барилга хяналтын инженер шиг, кино салбарт бол бараг найруулагч шиг, гоо сайхны салбарт бол эмч, сувилагч шиг болчихдог санагдсан. Энэ нь тухайн маркетингийн мэргэжилтнүүдийг маркетинг бүтээлч салбараас бага багаар холдуулаад байгаа ч юм шиг санагдаж байсан. Иймд маркетеруудаа аль салбарт ажиллаж байгаагаас үл хамааран бүтээлч салбарын трендээс хоцрогдуулахгүй байх, тэднийг холбож нэгтгэх, асуудал арга замаа олон өнцгөөс харж хамтдаа шийдвэрлэх, ярилцах, бие биеэсээ суралцах орон зайг өгөхийг хүссэн. Мөн удирдлагуудад маркетингийн ажлыг ойлгуулах зэрэг олон зорилтуудыг тавьж, энэхүү академийг үүсгэн байгуулсан.
5. Маркетинг академи нь бусдад ямар мэдлэг, боломжийг олгож байгаа вэ? энэ талаар уншигчдадаа дэлгэрэнгүй хэлнэ үү.
Маркетингийн академийн хамгийн том зорилго бол тус чиглэлээр ажиллаж, суралцаж буй залуусыг бүтээлч салбарын трендээс хоцрогдуулахгүйгээр Монголын маркетингийн салбарын шилдэг зөвлөхүүдээс суралцах боломжийг олгож байгаа явдал юм. Үүнтэй уялдуулан маркетингийн салбарын залуусын хооронд харилцаа холбоо бий болгох, төрөл бүрийн хэлэлцүүлэг, форум, тэмцээн уралдаан болон чөлөөт арга хэмжээнд хамрагдан хүрээллээ тэлэхээс гадна Монголын болон олон улсын шилдэг компаниудад хүссэн чиглэлийн дагуу ажиллах, менторшип, интерншип хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг тус тус олгож байна. Түүнчлэн Маркетинг академиа нь гишүүнчлэлийн түвшнүүдтэй бөгөөд оюутнууд, маркетинг сонирхогчдод зориулсан үндсэн гишүүнчлэлээс гадна мэргэжилтэн, бизнес эрхлэгчид, CMO, байгууллагуудад зориулсан тусгай гишүүнчлэлийн багцуудыг санал болгож байгаа.
6. Залуу маркетерууддаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Хамгийн түрүүнд би хэн бэ?, би юунд дуртай вэ?, би энэ ажлыг хэрхэн сонирхон дурлаж хийж байгаа вэ? гэх мэт “Би”-ийн бүх асуултыг өөрөөсөө асуугаад хариултаа олоорой. Өөрийгөө олчихсон хүн аль салбарт, хэрхэн, юуны төлөө ажиллахаа бүрэн ойлгосон байдаг. Энэ нь л биднийг өдөр бүр аз жаргалтай, бүтээлчээр ажлаа хийдэг ховор хүмүүсийн нэг болгох болно. Мөн түүнчлэн залуучууддаа хэлэхэд тасралтгүй суралцдаг байгаарай. Хүн нийгмийн амьтан учир мэдлэг туршлага нь таныг нийгэмд хүчирхэг хүн болгоход нөлөөлөх хамгийн том хөшүүрэг болох юм шүү.
Бидний хүсэлтийг хүлээн авч, үнэтэй цагаа бидэнд зориулан, ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Уншигчид маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Marketing Academia-ын гишүүнээр элсэх: https://www.facebook.com/share/1AsWYFbswt/?mibextid=LQQJ4d
Comments